![](/uploads/202502/news/thumb/0ec15145b659b9d40b08d2b04eb5716f_x3.jpg)
Өнгөрөгч 2024 онд ЕХ-ны нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 11 хувийг нарны эрчим хүч эзлэх болсон байна. Ингэснээр 10 хувийг эзэлж байгаа нүүрсний гаралтай эрчим хүч улам хойш түрэгдэн шахагдах болж байгааг европын хэвлэлүүд мэдээлсэн байна. Бельги дэх хамгийн сүүлийн нүүрсний уурхай хаагдаж, оронд нь хог хаягдлын цэг байсан газар дээр 25 мянга орчим нарны хавтан суурилуулсан нь энэ үр дүн бий болох нөхцөл болжээ.
2008 онд 5МвТ-ийн хүчин чадалтай цахилгаан станц баригдсанаар жилд 5 гигаватт цаг экологийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэх болсныг Бельгийн эрх баригчид мэдээлжээ. Ийнхүү сэргээгдэх эрчим хүч нүүрсээр гаргаж авдаг уламжлалт аргын эрчим хүчийг халах чиг хандлага Европт эрчтэй нэмэгдэж байгааг хэвлэлүүд дурдаж байна. Эмбер төвийн сүүлийн судалгаагаар, 2024 онд нарны эрчим хүч ЕХ-ны эрчим хүч үйлдвэрлэлийн бүтцэд анх удаа нүүрснээс ийнхүү давсан бол, европын эрчим хүчний баланст сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2019 онд 34 хувь байсан бол, сая 2024 онд 47 хувь болж өсжээ.
Атомын эрчим хүч Европын эрчим хүч дулаан үйлдвэрлэлийн хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа бол, араас нь салхины, хийн, усан цахилгаан үүсгүүрүүд дараалж байна. ЕХ-ны ихэнх улс байгаль орчныг хамгийн их бохирдуулагч нүүрс ашиглахаас бүрмөсөн татгалзах юм уу цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн бүтэцдээ нүүрсний эзлэх хувийг 5 хүртэл хувь болгож багасгасан байна.
Одоогийн байдлаар ашиглагдаж байгаа нүүрсний гаралтай нийт цахилгаан дулааны 39 хувийг Герман, 34 хувийг Польш улсууд зөвхөн эзэлж байгаа аж. Эсрэгээрээ нарны эрчим хүчний хэрэглээгээр тэргүүлж байгаа Унгар улс нийт эрчим хүчнийхээ дөрөвний нэгийг нарны үүсгүүрээс гаргаж авдаг болжээ. Эдний араас Грек улс 22 хувь, Испани 21 хувиар удаалж байна. Сэргээгдэх эрчим хүч ашигт малтмалын хэрэглээг шахаж байгаа энэ хандлага зөвхөн эрчим хүчний шилжилт талаасаа чухал төдийгүй, дотооддоо өөрийн эх үүсвэрээр цахилгаан эрчим хүчээ гаргаж авснаар Европын өрсөлдөх чадвар, аюулгүй байдалд мөн чухал ач холбогдолтой гэдгийг SolarPower Europe-ийн захирал Вальбурга Хеметсбергер Euronews-д ярьсан байна.
Гэхдээ Европын зах зээл хятадын нарны хавтангуудаар дүүрсэн байгаа нь гол асуудал дагуулж байгаа юм байна. Нийт нарны хавтангийн 90 хувийг Хятадаас импортолж байгааг өөрчилж, үйлдвэрлэлийг Европ руу шилжүүлэх чухал байгааг Европын холбогдох албаныхан мөн тэмдэглэж байна.
Европын Холбооны эрчим хүч үйлдвэрлэлд нарны эрчим хүч нүүрснийхээс давамгайлж эхлэв | ||
Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.