Шууд Chart

К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна

2025-02-12 11:45:48

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүрч ажилласан эрхэмтэй дахин уулзсандаа баяртай байна гэдгийг тэмдэглээд, Монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ноён Эваристе Коуасси-Комлан “Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлын улмаас хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөж байгааг онцоллоо. Тэрбээр, Монголд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд D витамин болон хоол тэжээлийн дутлаас үүдсэн архаг цус багадалт их байгаа нь бусад өвчинд өвчлөмтгий байх суурь нөхцөл болж байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд ажиллах зайлшгүй шаардлага бий. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах болон амьдрах орчныг сайжруулах, эрүүл Монгол хүний төлөө хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, монгол хүүхдүүдэд тулгарч буй асуудал, боловсролын тэгш бус хүртээмж, хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн чанар, хүчирхийлэлгүй, айдасгүй, аюулгүй орчин гэх мэт хот, хөдөөгийн хүүхдүүдийн бодит нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй өрх айл бол Монголын хамгийн том баялаг. Тиймээс хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Мөн утааг бууруулах богино хугацааны зорилгод 20 мянган айлыг яндангүй болгохоор LPG газ руу шилжүүлэх ажил эхэлсэн. Цаашид яндангүй айлын тоог 50 мянгад хүргэх, 10 мянган өрхийг нарны панелжуулах зэрэг утааг бууруулах, эрчим хүчний олон талт эх үүсвэртэй холбох чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Бодлогын төлөөллийн чиглэлээр манлайлж ажиллахыг А.Баяр даргаас хүсээд, хүүхдийн эрхийг хангах, аюулгүй, эрүүл аж төрөх суурь нөхцөл болсон бүхий л санал санаачилга, бодлого ажиллагаанд олон улсын туршлага, техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэв.


К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй