Шууд Chart

“Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн Эко парк” төслийн талаар хэлэлцэв

2025-02-12 12:16:03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жалбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж болон холбогдох албаны төлөөлөл “Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн Эко парк” төслийн багийнхантай уулзав.

Уулзалтад төсөл хэрэгжүүлэгч “Монэксалл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Сүхбаатар, хөрөнгө оруулагч “Шиань хуаюань групп" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ли Дун, үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч “Чайна констракшн” ХХК-ийн дэд захирал Шань Жиган тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумд байгуулагдах тус үйлдвэр технологийн парк нь газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, дагалдах үйлчилгээний салбарын хамтын хөгжлийг дэмжин, мал аж ахуйн үйлдвэрлэлийн кластерын хөгжилд түлхэц үзүүлж, ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний сүлжээ, хөрөнгийн сүлжээ, худалдааны сүлжээний нэгдлийг цахим технологийн тусламжтайгаар бий болгон мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг эрс дээшлүүлж, бүс нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх ач холбогдолтой болохыг онцолж байсан юм.

Төслийн хүрээнд мэдээллийн урсгал, үйлдвэрлэлийн үйл явц болон санхүүжилтийн арга хэлбэрүүдийг нэгтгэсэн цогц үйлчилгээний платформыг бий болгож, олон улсын аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны зарчим болон цахим эдийн засгийн хэрэглээнд суурилсан Монгол Улсын мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгдлийг бий болгохоор төлөвлөж байна.

Мөн Монгол үндэсний уламжлалт өв соёлд түшиглэсэн Монгол стандарт, Монгол чанар, Монгол брэнд, Монгол технологийн тогтолцоог хөгжүүлж, олон улсын эдийн засгийн интеграцид нэгдэх, үнэ цэнтэй эдийн засгийн орчныг бий болгох зорилготой юм.

Төслийн багийнхан Баянтал сум нь уул уурхайн үйл ажиллаагаа явуулдаггүй цөөхөн сумдын нэг гэдгийг онцолж, энэ нь уламжлалт мал аж ахуй дээр суурилсан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


“Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн Эко парк” төслийн талаар хэлэлцэв  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй