Шууд Chart

Эмгэнэл

2025-02-12 22:03:31

Үзэг нэгт эрхэм дотно журмын нөхөр  Өлзийбаяр овогтой Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо.

Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотноо айлын 5 дахь хүү болон мэндэлж, 1994 онд ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийг төгсөж, улмаар МУИС, Утга зохиолын дээд сургуульд суралцан сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.

Ө.Отгонбаатар Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцахын зэрэгцээ Монголын Үндэсний Радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажил амьдралын  гараагаа эхлүүлсэн юм. 1998-1999 онд Ийгл телевизэд сурвалжлагчаар ажилласан. МҮОНРТ-ийн ММ агентлагт 1999-2004 онд сурвалжлагч, тоймч, 2006 онд захирал, ТВ-9 телевизэд 2004-2006 онд мэдээний албаны дарга, С1 телевизэд 2006-2012 онд мэдээний албаны дарга, ТВ10 телевизэд 2012-2015 онд Гүйцэтгэх захирал, ТВ5 телевизэд 2016 оноос Ерөнхий редактороор ажиллаж байлаа.

Ө.Отгонбаатар нь МҮОНРТ-ийн ММ агентлагт  ажиллах хугацаандаа улс орны нийгэм эдийн засаг, улс төр, хөгжлийн томоохон асуудлуудыг хөндөж , шийдэл гарц дэвшүүлсэн сэтгүүлчийн ур ухаан, эрэл хайгуул шингээсэн шинэлэг өнгө  аястай мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, хэлэлцүүлэг  олныг туурвин бүтээж  үзэгч түмнийхээ хүртээл болгосон юм.  ММ агентлагийн  уран бүтээлчдийн эх орны өнцөг булан бүрээс бэлтгэн хүргэдэг   “Долоо хоногийн тойм” хөтөлбөр,  “Сүлд”, “Нээлттэй засаг” зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн  үзэгч түмнийхээ  оюуны санг баяжуулсан хөдөлмөрч авъяаслаг, эвсэг,  удирдан зохион байгуулагч,  шилдэг уран бүтээлч байлаа.  Тэрээр Монголын сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч мэргэжлийнхээ үнэ цэнийг өндөрт өргөж, залуу хойчдоо үлгэрлэн манлайлж явсан нэгэн үеийн томоохон төлөөлөл байсан юм.  

Тэрбээр сэтгүүлчийн ажлаас гадна авьяас сонирхлоо нээн харуулж, Монголын үндэсний олон нийтийн телевизийн урын сан дахь таван анги бүхий “Мятрашгүй Жулиа” киноны Жулиагийн хүү, “Буржгар үст Сюзан” киноны гол дүр зэрэг 10 гаруй орчуулгын кино бүтээлд дуу оруулжээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдон хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүлч нэг бүрдээ туслах, мэргэжлийн эрх ашгийг нь хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллахын зэрэгцээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах үйл хэрэгт тууштай зүтгэж байлаа.

Түүний мэргэжлийн ур чадварыг үнэлэн “Ган үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Радио телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, хөдөлмөр бүтээлийг нь төрөөс үнэлэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Сэтгүүлч Ө.Отгонбаатарын эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай  зан чанар, уран бүтээлч  үйл хэрэг нь  Монголын үзэгчдийн зүрх сэтгэлд орших болно.

Монголын сэтгүүлзүйн  салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүний  хувь нэмэр, үйл хэргийг үеийн үед хүндэтгэн дурсах болно.

МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ, ХАМТ ОЛОН

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмгэнэл  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй