Шууд Chart

ОХУ-ын Засгийн газар бензин экспортлохыг бүрэн хориглох боломжийг судална

2025-02-13 12:22:07

Оросын Засгийн газар бензин экспортлоход, тэр дундаа үйлдвэрлэгчдээс экспорт хийхийг хориглох тухай Монополийн эсрэг Холбооны албанаас гаргасан санаачилгыг судалж үзэх байр суурь илэрхийлсэн байна. Оросын ерөнхий сайдын орлогч Александр Новак энэ асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран судлах бодолтой байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ мэдэгджээ.

Дотоодын зах зээлээ хамгаалахтай холбоотой энэ асуудлыг бид судалж шийдвэр гаргах болно. Энэ ажилд сайтар нарийн нягт судалгаа шаардлагатай гэж Новак ярьсныг Тасс уламжилсан байна. Мөн Оросын нефть бүтээгдэхүүний зах зээлийн байдлын талаар энэ сарын 18-нд зөвлөгөөн хийх бодолтой байгаа талаар Новакийн ажлын албанаас мөн мэдээлсэн байна. Сүүлийн хоёр 7 хоногийн дотор Оросын биржүүд дээр бензиний үнэ 18-20 хувь нэмэгджээ. Энэ нь нийлүүлэлттэй холбоотой болгоомжлол үүссэнээс үүдэлтэй. Өнгөрсөн 1 сарын 22-ноос хойш энэ өсөлт үргэлжилж байгаа гэж оросын хэвлэлүүд бичсэн байна.

Энэ байдал нь нисгэгчгүй онгоцуудын халдлагад өртсөн нефтийн үйлдвэрүүдийн төлөвлөгөөт бус засвар үйлчилгээтэй холбоотойгоор эрэлтэд асуудал үүсэж болзошгүй гэдэг болгоомжлолтой холбоотойг зах зээлийн мэргэжилтнүүд Интерфакст ярьжээ. Тухайлбал, 2 сарын 4-нд Астрахань хотод байдаг Газпром компаний хий боловсруулах томоохон үйлдвэр дээр нисгэгчгүй онгоцны сэг зэм унасны улмаас гал гарсан. Энэ өдөр мөн тус үйлдвэр бензин болон дизель түлшний биржийн арилжаагаа зогсоосон байна. Харин Оросын эрчим хүчний яам нефть бүтээгдэхүүний дотоодын зах зээлд нийлүүлэлтийн хангаж бүрэн, хэрэглээнд хангалттай хэмжээний түлшний хуримтлагдсан нөөц бий гэж өмнө нь мэдээлсэн юм байна.

Одоогийн байдлаар Оросоос бензин экспортлохыг зөвхөн үйлдвэрлэгчдэд зөвшөөрч байгаа, зах зээлийн бусад оролцогчдын тухайд ирэх 2 сарын 28-ныг хүртэл гадаад руу нийлүүлэлт хийх хориотой байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Засгийн газар бензин экспортлохыг бүрэн хориглох боломжийг судална   
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй