Шууд Chart

БНХАУ цэргийн мэдээллийг цахимд нийтлэхтэй холбоотой шинэ журам гаргажээ

2025-02-13 12:32:09

Хятадын эрх баригчид цэрэг армийн мэдээллийг цахим сүлжээнд нийтлэхэд тавих хяналтыг чангатгах шинэ журам гаргасан байна. Хятадын БХЯ-ны сайтад тавигдсан мэдээллээр, ирэх 3 сарын 1-нээс хүчин төгөлдөр болж мөрдөгдөх энэ журмаар, цэргийн сэдвээр интернэт сайт байгуулах, вэбсайтад цэргийн холбогдолтой булан ажиллуулах, нийгмийн сүлжээнд цэргийн талын мэдээлэл нийтлэх зэргээр интернэтэд цэргийн холбогдолтой мэдээлэл түгээхэд хамааралтай бүх үйл явцыг нэгдсэн хяналтад оруулах болж байгаа юм байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарласан энэ шинэ журам нь, худал мэдээлэл түгээх, цэргийн нууц задруулах зэрэг асуудалд гол хаалт тавихад чиглэсэн гэж ЗГ-ийн мэдээлэлд нь онцолсон байна. Энэ хүрээнд цэргийн холбогдолтой цахим контентуудад цэргийн нууц, үндэсний батлан хамгаалахын холбогдолтой технологи, үйлдвэрлэлийн нууц болон бусад нийтэд ил болоогүй мэдээллийг задруулах зэргийг хатуу хориглох юм байна. Тухайлбал, зэвсэг хөгжүүлэлт туршилттай холбогдолтойгоос авхуулаад цэргийн сургуулилалт, цэргийн шилжилт хөдөлгөөн, бүтэц зохион байгуулалт, анги нэгтгэлүүдийг байлдааны боломж нөөц чадавх зэрэг албан ёсоор ил болгоогүй бүх мэдээлэл багтах юм байна. Хятад улс армийнхаа нэр хүндийг өндөрт өргөх, цэрэг зэвсгийн хүчин чадлыг АНУ-тай дүйцэх хэмжээнд хүргэхээр хурдацтай зузаатгаж, шинэчлэх үйл явц өрнүүлж байгаа үед ийм шинэ журам тогтоож байгааг CNN дурдсан байна.

Мөн Хятадын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилт, мөн геополитикийн зөрчил сөргөлдөөн хурцадмал байгаа өнөөгийн нөхцөлд төрийн нууцыг хамгаалах өргөн хүрээтэй кампанит ажлын хүрээн дэх шинэ арга хэмжээ болж байгааг хэвлэлүүд дурдаж байна. Өргөн цар хүрээг хамрах энэ журмаар зэвсгийн шинэ системүүд, боловсон хүчний томилгоо, цэрэг зэвсгийн хуваарилалт зэрэгтэй холбоотой мэдээлэл, зураг дүрс тогтмол хуваалцаж ажилладаг хятадын цэргийн нийтлэлчид, тоймч шинжээчдийн хувьд нэлээд том нөлөө үзүүлж болзошгүй юм байна.

Хятадын цэрэг зэвсгийн талаар хэвлэн нийтлэгчдийн байршуулсан нээлттэй мэдээ баримтууд ХАЧА доторх үйл явдал, хөгжил шинэчлэлийг дагуулж ажигладаг шинжээчдийн чухал эх сурвалж байдаг. Тиймээс энэ шинэ журам мөрдөгдөж эхэлснээр Хятадын зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн үйл явцыг ажиглахад амаргүй болох төлөвийг хятадын хятадын SCMP сонинд тухайлбал тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ цэргийн мэдээллийг цахимд нийтлэхтэй холбоотой шинэ журам гаргажээ  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй