![](/uploads/202502/news/thumb/645dd4fb5e5225a3cd39d0651d7d085a_x3.jpg)
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал шүүхээр эцэслэн шийдэгдэхээс өмнө Юн Сок Ёл сайн дураараа огцорч магадгүй тухай Эрх баригч “Ардын хүч” намын даргын үүрэг гүйцэтгэгч бодитой бус, дээрээс нь тийм ч зохистой гарц биш гэж няцаасан байр суурь илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Юн Сок Ёлд итгэл үзүүлэхээс татгалзсан парламентын шийдвэр улстөрийн эвсэл фракцууд хооронд зөрчил дэгдээж болзошгүй гэдэг болгоомжлолоос үүдэж Ерөнхийлөгч өөрөө сайн дураараа огцрох боломжтой эсэх тухай сэтгүүлчдийн асуултад тэрээр ийм хариулт өгсөн юм байна.
Хууль журам болоод үндсэн хуулийн үүднээс ийм боломжтой эсэхээс үл хамаарч Ерөнхийлөгч өөрөө огцорсноор бүх асуудал шийдэгдэнэ гэж би хувьдаа бодохгүй байна гэж ярьжээ. Юн Сок Ёлийн хуулийн багаас үүнийг “гол шийдвэрлэх шийдвэр” байж мэдэх санаа дэвшүүлсэн тухайд Эрх баригч намын дарга, Ерөнхийлөгч огцрох эсэх нь хуулийн багийнх нь мэдэх хэрэг биш цэвэр өөрийнх нь шийдвэр байх ёстой гэдгийг онцолж хэлсэн байна. Мөн Юн Сок Ёль сайн дураараа огцрох боломж бодитоор хэлэлцсэн зүйл байхгүй, хэлэлцсэн байлаа ч зөв голдирлоор явж байгаа хэрэг биш гэж ярьсан байна.
Өнгөрсөн оны 12 сарын 3-нд Ерөнхийлөгч Юн цэргийн онц байдал зарласныг Эрх баригч намын даргын үүрэг гүйцэтгэгч “хэрээс хэтэрсэн арга хэмжээ “яахын аргагүй алдаа” байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Одоогийн байдлаар, бүрэн эрхийг түдгэлзсэн байгаа Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн бүрэн эрхийг сэргээх эсвэл бүрмөсөн албанаас нь буулгах эсэх эцсийн шийдийг Үндсэн хуулийн шүүх 180 хоногт багтаан гаргах ёстой.
Гэвч урьд өмнөх жишгээр тооцоход Үндэсний Ассамблей буюу БНСУ-ын парламентын шийдвэр батлагдсанаас 90 хоног дотор буюу ирэх 3 сарын дундуур энэ шийдвэр эцэслэгдэх болов уу гэж өмнөдийн улстөрийн ажиглагчид үзэж байна. Гэхдээ Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн хуулийн багийнхан 7 хоногт явагдах шүүх хурлын товыг хойшлуулах зэргээр шүүх ажиллагааг аль болох сунжруулахыг чармайж байгаа юм байна. Үүнээс гадна тэд, нэг хэрэг давхар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нөхцөлд импичментийн үйл явцыг түдгэлзүүлэхийг зөвшөөрөх тухай Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн 51-р зүйлийг үндэслэж хэргийг хойшлуулах хүсэлт тавьж болзошгүй юм байна. Юн Сок Ёлийн эрүүгийн хэрэгт холбогдох анхны шүүх хурал энэ сарын 20-нд болохоор зарлагдаад байгаа юм.
БНСУ-ын бүрэн эрх нь түдгэлзсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн сайн дураар огцрох боломжийг үгүйсгэв | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.