Шууд Chart

Ши Жиньпин БНХАУ-ын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

2025-02-18 16:05:45

Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр Бээжинд болсон бизнесийн симпозиум дээр улсынхаа тэргүүлэх компани аж ахуйн нэгжүүдийн захирал удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Үл хөдлөхийн салбарын хямрал сунжирч, хэрэглээний идэвх тогтмол доогуур гарч, дээрээс нь залуучуудын ажил эрхлэлт ихэссэн зэрэг хүндрэл бэрхшээлд орсон байгаа энэ үед Хятад улсын дарга бизнесийн салбарын тэргүүлэгчидтэй энэ уулзалтыг хийж байгаа нь ХКН хувийн хэвшлүүдийг дэмжихэд илүүтэй анхаарах болж байгаагийн илэрхийлэл гэж шинжээч ажиглагчид үзэж байгаа юм.

10-д жилийн өмнөөс төрийн эрхийг барьсан цагаасаа Хятад улсын дарга, дэлхийн хоёр дахь том эдийн засагт төрийн өмчит компаниудын үүрэг нөлөөг бэхжүүлэх, хувийн хэвшил хамаа замбараагүй тэлэхээс сэргийлэх бодлого барьж ирснийг тоймчид дурдаж байна. Тэгвэл Бээжин дэх Ардын их хурлын ордонд болсон уулзалт хятадын даргын хувьд 2018 оноос хойш анх удаа хувийн хэвшлийн томоохон компани корпорацуудын удирдагчдыг хүлээж авч уулзсан анхны тохиолдол болж байгааг хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд онцолж байна.

Энд онлайн худалдааны дэлхийд тэргүүлэгч Алибаба-г үүсгэн байгуулагч Жек Ма, Xiaomi, Тенсент, Хуавэй зэрэг технологийн корпорацууд, мөн цахилгаан машин үйлдвэрлэгч BYD компани зэрэг хэдэн арван компанийн захирал удирдлагууд оролцсон байна. Хятадын удирдагч Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын оролцсон энэ уулзалт дээр Ши-гээс гадна “Хуавэй”8 BYD компанийн гүйцэтгэх захирлууд үг хэлж байгаа дүрсийг хятадын тв харуулснаас бусдаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна.

Хятад улс ковид цар тахлын үед уналтад орсон эдийн засгаа сэргээхээр бүх хүчээрээ чармайж байгаа ч өнгөрсөн 2024 онд 5 хувийн өсөлт үзүүлсэн нь сүүлийн хэдэн арван жилд хамгийн сул үзүүлэлтийн нэг болсон. Энэ 2025 онд ойролцоо өсөлт гаргах зорилт дэвшүүлж магадгүй байгаа боловч АНУ-д Дональд Трампын засаг захиргаа татварын хатуу бодлого хэрэгжүүлж болзошгүй байгаатай холбоотойгоор нэмэлт хүндрэл бэрхшээл тулгарч мэдэхээр байгаа юм. Трамп Хятадын бүх бараанд 10 хувийн нэмэлт татвар ногдуулна гэдгээ хэдийнэ зарласан бол, Бээжингийн талаас нүүрс, хий зэрэг бүтээгдэхүүнд нь хариу татвар ногдуулж эхлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жиньпин БНХАУ-ын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй