Шууд Chart

“Хамас” бүлэг Газын зурвасын хяналтыг Палестины засаг захиргаанд шилжүүлнэ

2025-02-18 16:12:36

Палестины хэт үзэлт Хамас бүлгийн зүгээс Газын зурвасын эрх мэдлийг Палестины үндэсний засаг захиргаанд шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн талаар Арабын “Sky News Arabia” телевиз эх сурвалжуудад тулгуурлаж мэдээлжээ. Каир дахь яриа хэлэлцээний явцад Египетийн талаас нэлээд хүчтэй шахалтад орсны улмаас Хамас ийм шийдвэрт хүрсэн гэж энэ мэдээлэлд дурдсан байгаа юм байна. Израил, ХАМАС-ын талууд энэ зуур нэгдэх үе шатандаа яваа гал зогсоох хэлэлцээрийн цаашдын хэрэгжилтийг хэлэлцэхээр Каирт төлөөлөгчдөө илгээж байгаа мэдээлэлтэй байна.

Хамас Израилтай гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлж мөрдөхийн хамт Газын зурвасын удирдлагад цаашид оролцохгүй байхаар зөвшөөрсөн гэж Каирт явагдаж байгаа яриа хэлэлцээнд ойр эх сурвалжаас иш татан Египетийн сонинд мэдээлсжээ. Харин одоо Газын зурваст алба хааж байгаа албаныхныг шинэ засаг захиргаанд ажлын байраар хангах, халсан нөхцөлд цалин хөлсийг нь таслалгүй олгох гол шаардлага Хамас талаас тавьжээ.

Энэ дагуу, Палестины удирдагч Махмуд Аббасын зарлигаар Газад Палестины үндэсний зөвшилцлийн засаг төр байгуулагдтал түр захиргаа бий болгож, Газын зурвасын гаралтай, аль ч улстөрийн нам хөдөлгөөнд харьяалалгүй хүмүүсээр бүрдүүлэхээр тохирсон гэж Египетийн эх сурвалжууд мэдээлжээ. Харин бүс нутгийн Араб орнууд Газын зурвасын ирээдүйн талаар 4 төлөвлөгөө бэлджээ. Эдгээрийн нэгд тухайлбал Египеттэй залгаа хил доогуур хонгилууд барихаас сэргийлэх хамгаалалтын зурвас бий болгох, палестинчуудад түр оршин суух бүсүүд байгуулна гэж заасан байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тухайд өнгөрөгч 7 хоногт Газын зурвасыг АНУ-ын хяналтдаа авч сэргээн босголт явуулахаас гадна иргэдийг нь Иордан, Египет зэрэг өөр бусад улс руу бүрмөсөн гаргах тухай олон улсыг цочирдуулсан мэдэгдлүүд хийсэн. Трампын ийм радикал санаархлыг Араб орнууд, тэр дундаа Ойрх Дорнод дахь Америкийн гол холбоотон Иордан, Саудын Араб зэрэг улс эрс эсэргүүцсэн байна. Энэ мэт мэдэгдэл гал зогсоох хэлэлцээрийг тасалдуулж, Ойрх Дорнодыг тогтворгүй болгоно гэж энэ орнууд сэрэмжлүүлж байгаа юм. Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху тэгвэл Америкийн ТНБД Марк Рубиог өчигдөр хүлээн авч уулзах үеэрээ Трампын санааг зоримог гэж магтсаны зэрэгцээ Газын зурвасын иргэдийг нүүлгэх Трампын төлөвлөгөөг бодит ажил хэрэг болох талаас ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хамас” бүлэг Газын зурвасын хяналтыг Палестины засаг захиргаанд шилжүүлнэ  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй