
Их Британид өнгөрсөн 1 сард инфляц сүүлийн 10 сарын дээд үзүүлэлтэд хүрч өссөн байна. Их Британи улсын үндэсний статистикийн газрын мэдээлснээр, тус улсад хэрэглээний үнэ жилийн дүнгээрээ 3 хувийн өссөн дүнтэй гарсан юм байна. Өнгөрсөн 12-р сард 2,5 хувь байсан энэ үзүүлэлт ингэж өсөхөд хүнсний үнийн өсөлт, онгоцны тийз болон хувийн дунд сургуулиудын төлбөр нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс гол нөлөөлснийг эдийн засагчид тэмдэглэж байна.
Энэ нь 2,8 хувьд байна гэж тооцоолж байсан эдийн засагчид болоод Английн төв банкны тооцоолж байсан төлөвөөс давсан дүн, мөн өнгөрсөн 12-р сарынхаас хурдац нь илүү нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Тэр дундаа талх, мах, сирил зэрэг үндсэн хэрэглээний хүнсний үнэ 1,9-3.1 хувьд хүрч өссөн нь сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаа үнийн өсөлтийн дарамтад байгаа иргэд, айл өрхүүдэд нэмэлт ачаалал үүсгэж, улстөрийн талаасаа мөн нэлээд эмзэг байдал үүсгэж байгааг шинжээчид тэмдэглэж байна. Инфляц ингэж зорилтот 2 хувийн түвшнээс улам холдож өссөн нь эрчим хүчний үнийн өсөлттэй зэрэгцэн оны туршид цаашдаа ч өсөх төлөвийг харуулж байж болзошгүй гэдгийг шинжээчид тэмдэглэж байна. Улмаар энэ үзүүлэлт нь Английн төв банк гацаанд орсон эдийн засгаа дэмжих үүднээс цаашид зээлийн хүүг бууруулахгүй байх нөхцөл болж өгөх төлөвийг харуулж байгаа юм байна. Английн төв банк энэ сард бодлогын хүүгээ өнгөрсөн оны 8-р сараас хойш гурав дахь удаагаа 4,5 хувь руу бууруулсны зэрэгцээ цаашдаа алгуур боловч тогтвортой бууруулах бодлого барьж байгаагаа мэдэгдээд байгаа.
Мөн улсынхаа эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0,75 хувь болгож хоёр дахин бууруулсан юм. Эдийн засгийн өсөлтийг чухалчилж байгаа Лейборист засгийн газрын хувьд энэ тийм ч таатай мэдээ биш, өнгөрсөн оны 7 сард болсон сонгуульд ялалт байгуулж засгийн эрхэнд гарснаас нь хойш эрх баригч намын нэр хүнд огцом буурсан үзүүлэлттэй байгаа юм гэж эдийн засагчид бичсэн байна. Их Британийн тухайд 2022 онд буюу цар тахлын дараа, мөн Орос-Украины дайны нөлөөгөөр инфляцын түвшин нь 11 хувьд хүрч түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөж байсан.
Хэдийгээр одоогийн 3 хувийн өсөлт тэр үеийнхээс хавьгүй доогуур үзүүлэлт боловч айл өрхүүдэд маш хүнд тусаж байгаа гэдгийг Британий сангийн сайд Жеймс Мюррей дурдаж, тийм л учраас эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төлөвлөгөө нь иргэдийн халаасан дахь мөнгийг нэмэгдүүлэх зорилттой байгаа юм гэж ярьжээ.
ИБУИНХУ-д инфляц гурван хувь болж, сүүлийн 10 сарын дээд үзүүлэлтэд хүрч нэмэгдэв | ||
Үзсэн: 263 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.