
НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш дэлхий нийтийн чанартай асуудлуудыг шийдвэрлэхэд олон талт шийдэл, олон улсын эв нэгдэлд гол тулгуурлахыг уриалсан байна. Тэрээр өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд болсон НҮБ-ын шинэчлэлийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг дээр ийм уриалга дэвшүүлсэн байна. Сайд нарын түвшний энэ уулзалтыг Хятадын ГХЯ-ны сайд Ван И даргалан хийлгэсэн юм байна. Хятадын сайд АЗ-ийг дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх чадвартай, илүү хүч нөлөөтэй механизм байх шаардлагатайг онцолсон байна.
“Олон талт шийдэл, Дэлхийн удирдлагыг шинэчилж, боловсронгуй болгох нь” сэдвээр болсон энэ хэлэлцүүлэг дээр Гутерриш, уур амьсгалын хямрал улам ихсэж, тэгш бус байдал, ядуурал газар ач, дайн энхийн асуудал ээдрээ төвөгтэй байгаа одоогийн үед дэлхий нийтийн эв нэгдэл, нэгдмэл шийдэл хэзээ хэзээнээс илүү чухал шаардлагатай болсныг цохон мэдэгдсэн байна. Энэ үүднээс тэрээр энх тайвны тусын тулд үр дүнтэй ажил хэрэг явуулахад саад учруулж байгаа хуваагдмал байдлаас гарахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд уриалжээ. АЗ дэх энэ нээлттэй санал шүүмжлэлийг даргалсан Хятадын ГХЯ-ны сайд Ван И тусгаар улс бүрийн эрх тэгш байдлыг сахин хүндэтгэж, улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, үзэл бодлоо бусдад тулгахгүй байх зэрэг зарчмыг дагаж мөрдөхийн чухлыг онцолж, хойшдоо олон улсын үйл хэрэг цөөн хэдэн тооны орны дангаар мэдэлд байх учиргүй гэдгийг онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс НҮБ-ыг улам бүр хурцаар шүүмжилсэн байр суурь илэрхийлж байгаагийн эрс эсрэг байр суурийг Хятад улс илэрхийлснийг олон улсын хэвлэлүүд онцолж мэдээлж байна.
НҮБ дахь АНУ-ын элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дороти Шеа-гийн тухайд НҮБ-д үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг, тэр дундаа энэ байгууллага Америкийн эрх ашигт хэрхэн үйлчилдэг, шинэчлэгдэх боломжтой эсэх зэрэг асуудлыг яг одоо эргэн харж судалж байгаа гэдгийг мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 4-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс АНУ-ыг гаргах тухай тусгай зарлигт гарын үсэг зурсан. Мөн НҮБ-ын зарим нэр бүхий байгууллагад АНУ-аас олгодог санхүүжилтийг танах байр суурь илэрхийлээд байгаа юм.
Антонио Гутерриш дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг олон талт шийдлээр зохицуулахад уриалав | ||
Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.