Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

2025-02-20 14:41:07

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд олгох ногдол ашиг олгох шийдвэрийг өчигдөр ТУЗ-ийн хурлаар гаргажээ.

Ногдол ашгийг хоёр хувааж олгох бөгөөд эхлээд 100 мянган төгрөгийг иргэдийн дансанд энэ сарын 28-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилахаар болсон аж.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Компанийн санхүүгийн тайлан Үндэсний аудитын газраар баталгаажсанаар олон нийтэд танилцууллаа.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийж 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулан ажиллалаа.
 
Мөн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийн нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн ажилласан.
 
2023 оноос биржийн арилжааг эхлүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр борлуулаад байна. 2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлсэн. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй