Шууд Chart

Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо

2025-02-20 14:45:27

Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хэд хэдэн асуудлыг танилцуулж, хорооны гишүүдэд мэдээлэл өгч, тайлбар хийлээ. Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшлийн газарт хийн түлшний станц байгуулах талаар хэлэлцэв. Мөн Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амгалан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17-р бага хурал (COP-17)-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг танилцуулж, мэдээлэл өглөө. Үүний дараа хорооны гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин тухайн төлөвлөсөн газарт айлын эзэмшил газар эсэх талаар тодруулсан бол төлөөлөгч, хорооны гишүүн Т.Батцогт “Томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь сайн ч юм л бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт халдах нь зохимжгүй. Өөр гарц гаргалгаа судалж үзсэн үү” гэдгийг онцлон асуулаа. Харин төлөөлөгч, хорооны гишүүн Ж.Батбаясгалан “Захиргааны байгууллагууд хэлэлцэж буй асуудалд төлөөлөгчдөөс гаргасан саналыг тусгахгүй, судалж ч үзэхгүй хорооны хурлаар дахин дутуу дулимаг оруулж ирж байна. Үеийн үед НИТХ-ын төлөөлөгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хамгаалж, зохистой дэд бүтэц хийхийг эрмэлзэж ирсэн.Өмнөх үеэ одоогийн удирдлагууд нь үгүйсгэж, ажил хийхдээ шалтаг тоочмооргүй байна” гэлээ.

Хэлэлцсэн асуудал:

  1. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багахангай дүүрэгт 104.2 га)
  2. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багануур дүүрэгт 636 га)
  3. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
  4. Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Нийслэлийн Боловсролын газрын эзэмшлийн газрын талаар)
  5. Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшлийн газрын талаар)
  6. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17-р бага хурал (COP-17)-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай

Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо   
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй