
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтз Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Британийн Ерөнхий сайд Кир Стармер нартай Украины хямралыг хэлэлцэхээр Цагаан ордонд урьсан байна. Америкийн талыг ийм урилга илгээхийн өмнө буюу өчигдөр Парист Европын удирдагчид хоёр дахь удаагаа шуурхай хуралдаж, Украины хямрал, Трамп, Путин нарын болзошгүй дээд хэмжээний уулзалттай холбоотой сэдвийн хүрээнд хэлэлцсэн байна. Үүний зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч Путин өчигдөр тв-ээр үг хэлэхдээ Д.Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ энэ уулзалтыг үр дүнд хүргэхийн тулд бэлтгэл хангах шаардлагатай байгааг онцолсон байна.
Хоёр өдрийн өмнө Саудын Арабын Эр Рияд хотноо Америк-Оросын өндөр албаныхан 2 улсын төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангах болон Украины хямралын асуудлаар уулзалт хэлэлцээ хийсэн. Энэ уулзалтын үр дүнд, Украины дайныг эцэслэх асуудлаарх хэлэлцээ хийх төлөөлөгчдийг томилохоор хоёр тал тохирсон. Гэхдээ яриа хэлэлцээнд Европ болон Украиныг оролцуулахгүй байгаа нь, Брюссель болон Киевийн зүгээс асуудал дагуулж байна. Энэ асуудлаас болж ялангуяа Америк-Украины хооронд хурцадмал байдал үүсэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Мөн Америкийн Цагаан ордны тэргүүн Зеленскийг Украинд сонгууль явуулахгүй байгаагийнх нь улмаас дарангуйлагч гэж шүүмжлэн, энхийн чиглэлд аль болох хурдан үйлдэл хийхийг анхааруулж, буруу нүүдэл хийвэл улсаа алдаж ч болзошгүй гэж хатуу анхааруулжээ.
Украины тухайд ямартай ч дайны байдалд байгаа учраас хуулиараа ийм үед сонгууль явуулах боломжгүй гэж мэдэгддэг. Ямартай ч Украины хямралыг шийдвэрлэх алхмуудыг АНУ-ын талаас дараалан авч өчигдөр гэхэд, Трампын тусгай элч Кит Келлог Украинд айлчлалаар очсон, Зеленский болон армийн удирдлагатай уулзалт хэлэлцээ хийж байгаа бол, ирэх долоо хоногт Цагаан ордонд болох Трамп болон Макрон, Стармер нарын уулзалтаар АНУ Украинд аюулгүй байдлын баталгаа олгох эсэх асуудал гол анхаарал татах төлөвтэй байна. Европын удирдагчдын хувьд бол Зүүн Европт нэн тэргүүнд гал зогсоох нь чухал, харин ард нь аюулгүй байдлын баталгааг Вашингтон олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Парист өчигдөр болсон хоёр дахь уулзалтаар Европын 19 гишүүн орнууд цахимаар болон биечлэн уулзаж, Украинд энхийг сахиулагчдыг илгээх эсэх асуудлыг хэлэлцсэн ч мөн л дорвитой шийдэлд хүрч чадалгүй өндөрлөсөн байна. Британийн ерөнхий сайд Кейр Стармер энхийг сахиулагчдыг илгээх талаар дахин нухацтай хэлэлцэнэ гэж байгаа бол, Германы канцлер Олаф Шольц энхийн төлөвлөгөө гараагүй байгаа үед Украинд гадны улсын цэргийн хүч илгээх тухай ярихад цаг хугацаа болоод одоогийн нөхцөл байдлын үүднээс тохиромжгүй гэж Британий байр суурийг шүүмжилжээ. Оросын ГХЯ-ны сайд С.Лавров өмнө нь Украинд НАТО-гийн орнуудын энхийг сахиулагчдын өөр бусад далбаан дор илгээхийг хүлээн зөвшөөрөх аргагүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.
АНУ Украины хямралыг Франц, Их Британитай хэлэлцэнэ | ||
Үзсэн: 279 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.