Шууд Chart

Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ

2025-02-23 13:39:38

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгараад байгаа.

Энэ дагуу ЖАЙКА-гийн 2013 онд боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг иж бүрнээр шинэчлэх, Инженер-геологи болон бусад суурь судалгааны нийт зургаан ажлыг хийж гүйцэтгээд байна.

Тухайлбал, геологийн өрөмдлөгийн ажлыг Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 метр тутамд 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь шинжилгээг хийсэн.

Тэгвэл метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг яам, мэргэжлийн холбоод дэмжлээ.

Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/09 тушаалаар байгуулагдсан Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн хурлаар “Духуа Инженеринг” ХХК, “Солонгосын төмөр зам” ТӨХК, “Кореа нейшнл рейлвэй” ХХК, “Сүсон инженеринг” ХХК-ийн түншлэлийн боловсруулсан “Метро”-г барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцэж дэмжлээ.

Зам тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, Төмөр зам, далайн тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн 2025 оны 01 дүгээр хурлын зөвлөмжийг дээрх төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон болон төслийн инженерийн нарийвчилсан зураг төсөлд тусган ажиллахыг зөвлөжээ.

Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх бөгөөд ашиглалтад орсноор оргил цагт нэг чиглэлд цагт 17200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарчээ.

Эх сурвалж: ЗТЯ

 


Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй