Шууд Chart

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг хил давуулах гэж байжээ

2025-02-24 11:40:14

Өнгөрсөн нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-н гар тээшинд гаалийн байгууллагын алба хаагчид нарийвчилсан үзлэг, шалгалт хийж, соёлын өвд хамаарагдаж болзошгүй гурван ширхэг эд өлгийн зүйлийг илрүүлэн, хурааж авчээ.

Дээрх эд өлгийн зүйлийг шинжлүүлэхээр Соёлын өвийн үндэсний төвд хандахад “Тус гурван ширхэг хүрэл толь нь Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах эд өлгийн зүйлс” мөн болох нь тогтоогдоод байна. Тодруулбал, Соёлын өвийн Үндэсний төвийн шинжээчдийн дүгнэлтээр “13,4-13,9 см-ийн диаметр бүхий, 351-406 гр-ийн жинтэй тус гурван хүрэл толь нь Монголын эзэнт гүрний үеийн Хубилай хааны үед хамаарах хос луутай бадамлянхуа хийцийн тольны төрөлд багтана” гэж гарчээ.

Одоогоор тус гурван хүрэл толийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн ба хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн онд гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргийнхээ дагуу гэмт хэргийн шинжтэй 55, зөрчлийн шинжтэй 2306 хэргийг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэн ажиллажээ. Нийт гэмт хэрэг, зөрчлийн 27,4 хувийг “барааг хууль бусаар нэвтрүүлэх” зөрчил эзэлсэн байна.

Улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд “Эрүүгийн хуульд зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих”, “Зөрчлийн тухай хуульд эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.


ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг хил давуулах гэж байжээ  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй