
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн сар шинийн баяр удахгүй болох гэж байна.
Монгол одон зурхайн цаг тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдрүүд нь 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна.
Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1, 2-нд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Сар шинийн баярын үеэр монгол түмэн ах дүү, амраг садан учран золгож, айл хотлоор цуглаж, бэлгэ дэмбэрлийг ерөөн, урин цагийн угтдаг билээ.
Монголчууд уламжлалт баяраараа муу муухай зүйлийг ярихыг цээрлэдэг ч баяраа тэмдэглэх үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүй ёсны хэрэг юм.
Сар шинийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, архинаас үүдэлтэй осол гэмтэл болон өвчлөлтийн тоо өсөх хандлагатай байдаг.
Тухайлбал, өнгөрсөн жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2024 оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд осол гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнээс архины хордлогын шалтгаант 5, бусад хордлогын шалтгаант 3, хөлдөлт, осголтын улмаас 1, бусад ослын улмаас 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр, баярын өдрүүдэд тус төвд үйлчлүүлж буй иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай осол гэмтэлд өртсөн байдаг.
Иймд архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.
Архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг зөвлөж байна | ||
Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.