Шууд Chart

Япон улсад гэрийн асаргаа, үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд үзүүлдэг

2025-02-26 09:29:04

Асаргааны хувилбарт үйлчилгээний нэг төрөл гэрийн үйлчилгээг нэвтрүүлэхээр Ахмад настны тухай хуульд тусгасан.

Асаргааны хувилбарт үйлчилгээ авах иргэний асаргааны шаардлагын хэрэгцээг орон нутгийн асаргааны даатгал хариуцсан ажилтан, комисс үнэлэж, ахмад настны асаргааны хэрэгцээний түвшинг тогтоодог жишиг олон улсад бий.

Япон Улс нь асаргааны даатгалын тогтолцоог эхлүүлэхдээ эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилготой байсан. Тиймээс асаргаанд гэр бүлийнхнийг нь оролцуулах, тэдэнд асаргааны тэтгэмж өгөхөөс татгалзсан байна. Асаргаа шаардлагатай иргэдэд мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийг илүүд үзжээ. Ингэснээр асаргааны эдийн засаг, асрахуйн ажлын байруудыг нэмэгдүүлжээ.

Асаргааны менежер гэсэн мэргэшсэн ажилтан нь тухайн ахмад настанд ямар төрлийн үйлчилгээ үзүүлэхийг үнэлгээний түвшинд үндэслэн гаргадаг. Хэрэв ахмад настан өөр үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл төлбөртэй үйлчилгээнд хамрагдаж болдог байна.

Японы Токио хотын Канагава мужийн Кавасаки хотын Tama өрхийн эмнэлэг байнгын асаргаа шаардлагатай ахмад настанд гэрээр очиж өдрийн эмчилгээ сувилгаагаар үйлчилдэг.

Тухайлбал, цус харваж саажилттай болсон, хорт хавдарын хүнд хэлбэрт орсон, амьсгалын аппараттай гуурсаар хооллодог, бүтэн биеийн саажилттай, зөнөгрөлттэй гэх мэт бусдын асаргаа зайлшгүй шаардлагатай иргэдэд тодорхой давтамжаар очиж гэрт нь эмчлэх, сувилах, сэргээн засах, асаргааны үйлчилгээг үзүүлдэг байна.

Гэрийн үйлчилгээг биед хүрч үйлчлэх биеийн асаргаа, ахуйн үйлчилгээ, туслах үйлчилгээ гэж 3 ангилж, хийх ажлуудыг тодорхой заасан байдаг. Байгууллага тус бүр тодорхой чиглэлээр мэргэшсэн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд сертификат авсан мэргэжлийн хүмүүс үйлчилгээ үзүүлдэг байна.

Үйлчилгээний зардлын зарим хэсгийг Эрүүл мэндийн даатгалаас, зарим үйлчилгээг асаргааны даатгалын санхүүжилтээс авдаг. Харин асруулж байгаа иргэнээс 0-30 хувийн төлбөрийг авдаг байна.

Мөн гэрээр очиж сэргээн засалтын болон ахуйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг. Энэ хүмүүс нь асаргаатай иргэнийг усанд оруулах, дасгал хөдөлгөөн хийлгэх эсвэл гэрийн ажилд нь туслах зэргээр үйлчилдэг гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  


Япон улсад гэрийн асаргаа, үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд үзүүлдэг  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй