Шууд Chart

Нэр бүхий 42 хувьцаат компани нийт 1,043.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ

2025-02-26 16:26:07

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчлагдсан. Хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 100 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрийг ирүүлснээс нэр бүхий 58 хувьцаат компани буюу 58.0 хувь нь ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн бол нэр бүхий 42 хувьцаат компани буюу 42.0 хувь нь 1,043.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлсэн байна. 

2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум, 2023 онд 303.07 тэрбум, 2024 онд 535.09 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн бол энэ онд 1,042.9 тэрбум төгрөг буюу 1 их наяд болж өссөн байна. Тодруулбал, сүүлийн 3 жилд олон нийтэд нээлттэй болсон нийт 12 хувьцаат компаниас нийт 10 компани 500.6 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн нь 48.0 хувийг, үүнээс нийт 4 банк 407.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн нь нийт ногдол ашгийн 39.1 хувийг тус тус бүрдүүлж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 2020 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

ЖИЧ: “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр өөрийн компанийн байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаар шийдвэр гаргасан нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, Хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

 

 


Нэр бүхий 42 хувьцаат компани нийт 1,043.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй