
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, статистик тоо баримт болон эрх зүйн орчны зохицуулалт, гадны сайн туршлага, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон улс орнуудын харьцуулсан судалгаа зэрэг мэдээлэлтэй танилцаж, энэ сарын 12-нд зохион байгуулсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа дахь зээлийн хүүгийн дээд хэмжээ” хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцлээ.
Мөн Улсын дээд шүүхийн өнгөрсөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс дахин шинэ акт гаргах хүртэл тус зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэнтэй холбогдуулан энэ хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуульд мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулахаар хуульчилсан. Зөвлөл Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрддэг бөгөөд үндсэн чиг үүрэг нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлахад оршдог гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл зээлийн хүүгийн дээд хэмжээг дахин тогтоолоо | ||
Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.