Шууд Chart

Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төвлөрүүлнэ

2025-03-06 12:52:49

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн.

Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.

Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй он дамжих 9, шинэ 32 нийт 41 төсөл, арга хэмжээ байгааг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төсөв батлуулах болохоор төсвөө тавиулах гэж улайрдаг ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Худалдан авах ажиллагааны эрх шилжин авсан байгууллагууд шинэ төслүүдэд ямар шалтгаанаар тендер зарлаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, он дамжих удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлж буцаан татах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг гээд хэрэгтэй төслүүд рүү хөрөнгийг оруул. Мөн техникийн тодорхойлолтоо гаргахгүй, шинэ тендерүүдийг яагаад зарлахгүй удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулна. Жишээлбэл, автобус III баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд боллоо. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй. Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуул. Цүнхний компаниуд тендерт ордог байдлыг болиулж, борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв. Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна. Авлигажсан тендерээс болж хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад оруулах, худалдан авах ажиллагаанд оруулахгүй” гэдгийг хэллээ.


Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төвлөрүүлнэ  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй