Шууд Chart

Энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана

2025-03-06 16:11:52

ГУББГ-аас энд онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн.

Нэмэлтээр нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран хоёр байршилд нийт 1.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөөд байна.

Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөртөө нэмэх хэм рүү шилжсэн үед буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ. Үүнээс өмнө газар хөлдүү байгаа энэ үед бэлтгэл ажлыг хангах, суваг татах зэрэг ухлага багатай ажлуудыг хийж байна” гэв.

ГУББГ-аас ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах долоон байршил:

  1. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын вокзал орчим;
  2. Баянгол  дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим;
  3. Баянгол  дүүргийн 5 дугаар хороо, “Алтай” хотхоны 14 дүгээр байр орчим;
  4. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам, Гэсэр сүмийн уулзвар орчим;
  5. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүр доор;
  6. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ 3 буюу Ажилчны гудамж;
  7. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө буюу 19-р хороолол орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байна.

ГУББГ, нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах хоёр байршил:

  1. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон орчимд 600 метр шугам;
  2. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тэсо группийн урд 700 метр шугам тус тус угсарна. 

Түүнчлэн энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана. Үүнээс гадна өнгөрсөн онд НЗД-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу явган хүний зам дээр ус ихээр тогтдог 70 байршил байгааг тогтоосон. Эдгээр байршлаас зарим байршлыг уклоноор хучиж шүүрт худаг руу унагах, жижиг хэмжээний шугам угсралт хийж ногоон байгууламж руу гаргах, төвийн шугам руу холбох зэрэг арга хэмжээг авч, засварлах юм. 


Энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй