Увс аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч амралтын өдрүүдэд танилцаад ирлээ. Энэ үеэрээ Улаангом-Наранбулаг, Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 190 км замыг нээлээ. 2008 онд эхлүүлж, улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан боловч зогсоод байсан энэ замыг Шинэчлэлийн Засгийн газар Чингис бондын 87 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үргэлжлүүлэн барьж, ийнхүү хоёр жилийн дотор ашиглалтад оруулж байна. Замын ажлыг “Шинжиан Шин Фан” компани Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн юм. Алс баруун хязгаарын Увс аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдоход 200 шахам км ойртуулсан энэ замаар аялал жуулчлалын хөгжил түүчээлж, баруун бүсийн эдийн засгийг дэмжинэ гэж аймгийн удирдлагууд онцлолоо.
Шинэчлэлийн Засгийн газраас аймаг бүрт өрнүүлж эхэлсэн том бүтээн байгуулалт болох 1000 айлын орон сууцны барилга, "Гудамж" төслийн ажил Увс аймагт хэрхэн хэрэгжиж байгааг Засгийн газрын тэргүүн биечлэн шалгалаа. Эхний ээлжийн 7 давхар бүхий 105 айлын гурван блок орон сууцны барилгын таван давхар хүртэлхийг цутгаж дууссан, энэ ондоо багтаан ашиглалтад оруулна гэж холбогдох албаныхан танилцуулсан юм. Харин “Гудамж” төслийн хүрээнд Улаангомын төвд 9.5 км хатуу хучилттай зам шинээр тавихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар газар чөлөөлөх, замын трасс тавих ажил нь бүрэн дуусч, ус зайлуулах шугам хоолой болон замын хучилтын ажил явагдаж байна гэлээ.
Яаралтай хийх шинэчлэл, бүтээн байгуулалтад зориулан 2012 онд УИХ-аар батлуулсан Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс баруун гурван аймагт битүү зах барьсан. Үүний нэг болох Улаангомын битүү захын үйл ажиллагаа жигдэрч, ая тухтай орчинд худалдаа үйлчилгээ явагдаж байна. Ерөнхий сайд шинэ битүү захын үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо. Битүү зах ашиглалтад орсноор өөрсдөд нь ая тухтай ажиллах орчин бүрдсэний дээр бараа бүтээгдэхүүнээ зохистой горимд хадгалан худалдаалж, иргэдийн хүнс, хэрэглээний аюулгүй байдал хамгаалагдаж байна гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ярилаа.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.