
“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам” болон ипотекийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бусад журамд ипотекийн зээлдэгч нь амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлага тавигдсан байдаг. Гэтэл практик дээр ипотекийн зээлдэгч нар нь зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгуулах, үүний улмаас нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх голлох өвчний эрсдэлүүд даатгагдахгүй байх, мөн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд даатгалын гэрээний сунгалт хийгдэхгүйгээс даатгалын хамгаалалтгүй болох нөхцөл байдал үүсэж зээлдэгч, эсхүл гэр бүлийн гишүүдэд өндөр дүнтэй зээл төлөх санхүүгийн дарамт учрах зэрэг нэлээдгүй асуудал үүсэж байна. Иймд үүнийг шийдвэрлэх, зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг орууллаа. Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдахаар боллоо.
Даатгалын багц дүрэмд тусгагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой энэхүү шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагчаас гадна түүний гэр бүл дээрх эрсдэлийн улмаас санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдах зэргээс бүрэн хамгаалагдах боломжтой болно. Мөн даатгалын гэрээг жил бүр сунгах шаардлагагүй болсноор оролцогч талуудад цаг хугацаа, зардлын хэмнэлт бий болох, ипотекийн даатгалтай холбоотой аливаа маргааны тоо буурах цаашилбал даатгуулагчдын эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтойгоос гадна урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох замаар ипотекийн зээлийн эко системд эерэг нөлөөг үзүүлэх давуу талтай.
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ | ||
Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.