
Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 3 дахь шатны хэлэлцээ 2025 оны 03-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Хэлэлцээг Монголын талаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Австрийн талаас тус улсын Европ болон олон улсын харилцааны яамны газрын дарга Бернхард Фаустенхаммер нар ахлан эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлж, 2 удаагийн хэлэлцээг Улаанбаатар, Вена хотноо 2024 онд тус тус зохион байгуулж, Хэлэлцээрийн төслийг боловсруулсан.
Энэ удаа талууд хэлэлцээрийн төсөл, хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг эцэслэн тохиролцохоор төлөвлөж байна.
Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдаж, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдах юм.
Манай улс Австри улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийж байна | ||
Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.