Шууд Chart

Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ

2025-03-12 16:11:54

“Зөвшөөрлийн зөвлөл” өнөөдөр (2025.03.12) цахимаар хуралдлаа.  Хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн асуудлыг хэлэлцэв.

Хууль зүй, дотоод хэргийн яам төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд “Тэмп партнерс” ХХК, 2023 онд “Эн Зэт Жи Эм” ХХК, 2023 онд “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон байдаг.

Онцгой албан татварын тухай хуулийн 6.5-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 (Гучин зургаан сая хоёр зуун тавин мянган) төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулахаар тусгасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөх ёстой.

Гэтэл дээрх тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь Сангийн яам, татварын байгууллагаас өгсөн мэдээллээр тусгай зөвшөөрөл авснаасаа хойш нэг ч татвар төлөөгүй байна.  Өөрөөр хэлбэл  “Тэмп партнерс”, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК нь хоёр жилийн хугацаанд нийт 3.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээгүй байна.

Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болж байгаа юм. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх үндэслэлээр  тус компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх  саналыг хүргүүлэхээр боллоо.


Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй