
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, бахархлыг сэргээх, үндэсний үзэл санааг нэмэгдүүлэх, зөв Монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд, залуусын эх оронч үзлээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг өнөөдөр “Тэмүүжин Өрлөг” сургуулиас эхлүүллээ.
Төрийн далбааг мандуулах ёслолыг нээж НИТХ-ын дарга А.Баяр “Бид бахархах эх орон, тусгаар тогтнолтой,туурга тусгаар улсын эзэд. Монголын гэрэлт ирээдүй болсон сонсогч та бүхнээс Монгол Улсын маргаашийн нар мандана. Эх оронч үзэл санаа түгэн дэлгэрч, хүүхэд залуусын зүрх сэтгэлд Монгол хүн гэх бахархал бэхэжсэн цагт зөв Монгол хүн төлөвшинө” гэдгийг үгэндээ онцоллоо.
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр “Би БХИС-д сурч байлаа. Төрийн дуулал, алтан соёмбот далбаа гэдэг Монгол хүн бүрийн дээд бахархал. Хүүхэд, залуус эх орноо хайрлах, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгоход чухал хэрэгтэй санаачилга өрнөж байгаад баяртай байна” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Т.Батцогт “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шударга, хүнлэг, зөв бие хүн болж төлөвшихөд энэхүү ёслол чухал нөлөө үзүүлнэ. Эрх чөлөө, тусгаар улстай бидний Монгол Улс үүрд оршин тогтнож, алтан соёмбот далбаа цэлмэг хөх тэнгэрийнхээ дор үүрд мандаж байг. Монголын ирээдүй болсон та бүхний бахархал, итгэл найдвар бол эх орон чинь гэдгийг ямагт санаарай” гэв.
Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолд НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ү.Хүрлээ, ҮБХИС-ийн захирлын албыг түр орлон гүйцэтгэгч, Бригадын генерал С.Дашзэвэг, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн ЕБС-ийн захирал, сурагчдын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолыг “Тэмүүжин өрлөг” сургуулиас эхлүүллээ | ||
Үзсэн: 210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.