
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Мөстлөг, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн хүрээнд өглөөний уулзалтыг зохион байгууллаа.
ЗГХА Усны газрын дарга З.Батбаяр болон Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын “Энержи эко” клубийн сурагчид, сэтгүүлчдийн төлөөллийг хамруулан хийсэн энэхүү уулзалтаар монгол оронд нүүрлээд буй цэвэр усны нөөц хэрхэн багасч буй онцолж, тулгараад буй нөхцөл байдлыг хэрхэн буруулах арга замуудын талаар санал солилцлоо.
ЗГХА Усны газрын дарга З.Батбаяр "Өдөр, шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-ныг дэлхий нийтээрээ усны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ нь усны хэмжээ ихэдвэл гамшиг болно, ус багадвал амьд бүхэн цангах эрсдэлтэй тул ийн тэнцвэрийг хадгалах үүднээс тус өдрийг сонгож усны талаар дуу хоолойгоо өргөж байхаар шийдвэрлэсэн" гэлээ.
Өглөөний уулзалт “Мөстлөг, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн хүрээнд өрнөлөө.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас мөнх цас уулсын мөс хайлж, газрын цэвдэгшил багасч гол, нууруудын усны түвшин багасах эрсдэл үүсээд байна. Иймээс манай улсын хувьд экологийн тэнцвэрт байдлыг хадгалж усаа хайрлахыг ирээдүй хойчдоо уриалж буй билээ. Иймээс хүүхдүүдийг багаас нь экологийн боловсролтой болгоход анхаарч байна. Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлахад үе тэнгийнхнийгээ уриалж буй аж.
Усаа хамгаалж, гол нууруудын усны түвшинг нэмэгдүүлэх хүрээнд 360 суманд хөв цөөрөм байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэж хөв цөөрөм байгуулснаар гол нууруудын усны түвшинг тогтоон барих ач холбогдолтой гэж З.Батбаяр онцлов.
Үүнээс гадна дэлхийн цэвдэгшлийн хэмжээ буурч байгаа нь усны мэргэжилтнүүдийг санааг чилээсэн асуудал болжээ. Цэвдэгшил багасахын хэрээр цөлжилт нэмэгддэг гэдгийг З.Батбаяр дарга тодотгов.
Иймээс Монгол орны цэвдэгшлийн талаар нарийн судалгаа хийх шаардлагатай байгаа аж. Ингэж цэвдэгшлийн нарийн судалгаа хийх нь цаашид ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг зүг чигийг заах хөтөч болох юм.
Өдгөө манай улс усаа хайрлахыг ач холбогдлыг цэцэрлэгийн наснаас нь эхлэн ойлгуулдаг болсон. Хойч үедээ усаа хайрлах сэтгэлгээ суулгаснаар ирээдүйд үүсэх усны хомсдолоос хамгаалах боломж бүрдэх юм. Улаанбаатар хотын иргэдийн нэг хоногийн усны хэрэглээ мянган шоометр куб байгаа гэсэн мэдээллийг мөн Батбаяр дарга өглөө. Энэ жил зарим аймагт зуд болсноос шалтгаалж жилийн усны хэрэглээ есөн сая шоометр кубээр буурчээ. Цаашид ч усны хэрэглээг багасгах хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолж байна. Ингэхийн тулд албан байгууллагууд саарал ус ашиглах, борооны усны хуримтлал үүсэх хэрэгтэй гэж зөвлөв. Манай улсын мөнх цаст оргилуудын цасны хэмжээ сүүлийн 30 жилд 50 хувиар буурчээ. Ийм байдлаар байвал 2050 он гэхэд их нууруудын хотгор экологийн сүйрэлд орох эрсдэл үүсээд байна.
Мөн энэ өдрийн уулзалтын зочдоор уригдсан “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн “Энержи эко” клубийн сурагчид З.Батбаяр дарга болон МҮОНТ-ийн “Ногоон шошго” нэвтрүүлгийн санаачлагч редактор Ц.Цэвээнхэрлэнгээс сонирхсон зүйлээ асуулаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолборын 11-ийн З бүлгийн сурагч Б.Тэлмүүн “Дэлхийн усны өдрийг тохиолдуулаад Усны газрын дарга З.Батбаяр гуайтай уулзалт хийлээ. Одоогоос 30 жилийн өмнөөс манай улс усны өдрийг тэмдэглэж иржээ. Гэхдээ бидний дээд үеийнхэн усыг хайрлах талаар яг юу хийсэн бэ гэдгийг би усны газрын даргаас асуулаа. Гэтэл бидний үеийнхнийг уучлаарай л гэж хэлж байна. Бид гэхдээ өнгөрсөн үеийнхнээс буруутан хайх гээгүй. Бид болоод манай үеийнхэн мэдээж шийдэл хайна. Миний ээж аав надад багаас маань усаа гамнах тэр ч байтугай хувцсаа хүртэл хайр гамтай хэрэглэхийг зааж сургасан. Би энэ хүмүүжлээрээ өнөөдрийг хүрсэн. Надад усаа хаахгүй гоожуулаад байхад харамсах сэтгэл төрдөг. Бид хойч үеийнхэндээ зөв үлгэр дуурайллал үзүүлнэ. Тэдэнд мөн л байгаль дэлхийгээ усаа гамнах талаар ойлголт мэдлэг суулгана гэж боддог” хэмээв.
Дэлхийн амин судас усаа хайрлацгаая | ||
Үзсэн: 246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.