Шууд Chart

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын эрүүл мэндийн дэд сайд Евгения Котоватай уулзлаа

2026-06-26 16:26:50

Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд 1995 онд байгуулсан эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжиж ирснийг онцолж, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт тогтмол хамруулж ирсэнд талархал илэрхийллээ.

Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хамтарсан сургалтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ургийн мэс засал, хүүхдийн мэдрэлийн мэс засал, нүд судлал зэрэг нарийн мэргэжлийн сургалтыг хамруулах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Хариуд нь ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Евгения Котова хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бүх чиглэлээр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хүний нөөц бэлтгэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэлээ.

Тэрбээр одоогоор 140 монгол оюутан ОХУ-д анагаах ухааны чиглэлээр суралцаж байгааг дурдаад, цаашид магистр, докторын түвшний сургалт, судалгаанд хамруулах боломж нээлттэй байгааг мэдээлэв. Мөн эмийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эмч бэлтгэх, хоёр улсын төрөлжсөн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Талууд цаашид эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, халдварт болон зоонозын өвчний тандалт, хариу арга хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын эрүүл мэндийн дэд сайд Евгения Котоватай уулзлаа  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй