Шууд Chart

БНХАУ-ын ӨМӨЗО-той хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт хийв

2026-07-03 09:54:37

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар  Монгол Улсаас Манжуур хотод суугаа  консул Г.Золзаяа болон БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны (ӨМӨЗО) Хөлөнбуйр хот, Манжуур хот, Хянган аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын хил залгаа бүс нутгуудын хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бодит хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлуудыг хэлэлцэв.

Тухайлбал, Дорнод, Хэнтий аймагт газар тариалангийн төслүүд хэрэгжүүлэх боломжийн талаар мөн үр сорт, химийн бордоо, ургамал хамгааллын бодис болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, техникийн борлуулалт, үйлчилгээний төвийг орон нутагт өргөжүүлэхэд тогтвортой бодлогоор дэмжих хүсэлтийг Хятадын талаас тавилаа.

Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцооны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж өнгөрсөн жил Дорнод, Хэнтий аймгуудад тус бүр 1000 ширхэг гацуур модны суулгац хандивласныг цаашид хууль эрх зүйн хүрээнд, эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар үргэлжлүүлэх боломжийн талаар санал солилцов. 

Хятадын талын Өвдөг-Баянхошуу боомтод үр тариа нэвтрүүлэх хяналтын бүс ашиглалтад орсон бөгөөд мах, махан бүтээгдэхүүн хүлээн авах тусгай хяналтын бүсийн бүтээн байгуулалт хийгдэж байгааг онцолж, Монгол Улсаас мах экспортлоход шаардлагатай халдваргүй бүсийн асуудлаар мэргэжлийн байгууллагууд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн БНХАУ-ын Манжуур хот чөлөөт худалдааны туршилтын бүс болсонтой холбогдуулан Монгол Улсын хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулж Хятадын дотоодын зах зээл болон гуравдагч орнуудад гаргах шинэ боломжийн талаар санал солилцлоо. 

ӨМӨЗО-ны талаас мал аж ахуйг ухаалаг системд шилжүүлэх, өндөр технологи шингэсэн газар тариаланг хөгжүүлж буй туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монголын төлөөлөгчдийг ухаалаг ферм, төрийн өмчит томоохон тариалангийн талбайн үйл ажиллагаатай танилцахыг урьж, цаашид Манжуур хотод суугаа Консулын газраар дамжуулан байнгын холбоотой ажиллахаар тогтлоо.


БНХАУ-ын ӨМӨЗО-той хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт хийв  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй