Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-ийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга, Чингис хаан тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганыг өнөөдөр дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, талархал илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж, харилцан итгэлцэл улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дорвитой хариу арга хэмжээ авах, хүний хөгжил болон жендэрийн тэгш байдлыг хангах, тусгай хэрэгцээт улс орнууд, тэр дундаа далайд гарцгүй улс орнуудад тулгардаг асуудалд онцгой анхаарал хандуулдаг байсанд Бан Ги Мүн даргад талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын шинэчлэлийн талаар танилцуулж, Монгол Улс энэ оны наймдугаар сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын (COP17) ач холбогдлыг онцлов.
Мөн талууд БНСУ-ын санаачилгаар байгуулагдсан Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Монгол Улс дахь үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Түүнчлэн Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулиа баталсныг онцолж, уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулах нь Монгол Улсын ногоон шилжилтийг бодитоор дэмжих, олон улсын санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойг талууд тэмдэглэв.


| Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.