Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын дарга Б.Батцэцэг 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бага хурал зохион байгуулах талбайн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр COP17 бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга Б.Гантуяа болон хурлыг зохион байгуулах байр, барилга байгууламжийн дэд хорооны Нарийн бичгийн дарга Б.Баттулга бага хурлын талбайн бүтээн байгуулалтын явцыг танилцуулж, түүний дотор Цэнхэр бүс (Blue Zone) болон Ногоон бүс (Green Zone)-ийн байгууламж, зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Монгол Улс ирэх 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд UNCCD COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулснаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг ахиулах, дэлхий нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бүх нийтийн хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах юм.

Бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс зохион байгуулагч орны хувьд UNCCD COP17 бага хурлын НБДГ-тай нягт хамтран ажиллаж, хурлын зохион байгуулалт, дэд бүтэц, логистик, аюулгүй байдал болон бусад бүх талын бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу эрчимтэй ханган ажиллаж байна.
| Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа | ||
| Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.