![](/uploads/201409/news/thumb/d53c657eda250f924ac549c6bcbf74e5_x3.jpg)
Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румыны суут яруу найрагч Михай Еминескюүгийн Олон улсын Академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртлээ. Харин удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нарт олгосон байна.
Михай Еминескюүгийн нэрэмжит энэхүү Олон Улсын Академийг дэлхий дахинд нэр нөлөө бүхий 19 суут билигт уран бүтээлч үүсгэн байгуулсан бөгөөд тэдний дунд Нобелийн шагналт яруу найрагч Воле Шойенка, Чеслав Милош, Гуйллевик, Сангүнети, Марио Лузи, Исмаил Кадар, Рафаэл Альберти, Еугенио дэ Андраде, Матей Матевски, Миммо Морина болон өнөөгийн уран баримлын дэлхийн хаан хэмээн алдаршсан Италийн нэрт уран бүтээлч Винченцо Бианки багтдаг ажээ.
2011 онд Европын Соёлын нийслэл болох зорилт тавьсан Румыний Крайова хотын Урлагийн музейд болсон наадмын нээлтийн ёслол дээр тус Академийн еренхийлөгч Ион Деаконеску болон Крайова хотын амбан захирагч Миа Олгия нар Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод Михай Еминескюүгийн Олон улсын Академийн шагналыг гардуулсан байна. Дэлхийн өнөө цагийн хамгийн агуу уран барималч Винченцо Бианки нар бээр яруу найргийн дээд шагналыг урлаж, өөрийн биеэр гардуулсан байна. Мөн алдарт зураач Константин Михалачи өөрийн зургаа шагнал болгон яруу найрачид барьсан нь содон үйл явдал бөгөөд Академийн шагналыг мөнгөн шагнал дагалдсан байна.
Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй нэр цуутай яруу найрагч оролцсон энэ наадам Яруу найргийн эрхэм дээд шагналаа Монголын яруу найрагчид олгож буй нь хүн төрөлхтний утга зохиолын эрдэнэсийн санд монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм хэмээн тус Академийн ерөнхийлөгч Ион Деаконеску хэлжээ.
Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо энэхүү нэр хүндтэй шагналыг хүлээн аваад хэлсэн үгэндээ, “Европын дундах Крайова хотод надад олгож буй энэ шагнал нь Монголын их утгазохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийгөнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Цаг үе хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршиж, хүн төрөлхтний оюуны эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсаар байх болно” гэж мэдэгдлээ.
Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Г.Мэнд-Ооёо хүртлээ | ||
Үзсэн: 2106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.