![](/uploads/201409/news/thumb/5ce5b291b69b52d19d539a33e95f4fb3_x3.jpg)
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хийсэн. Уг төрийн айлчлалын дүнг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, Монгол Улс, БНХАУ хоорондын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд оршиж байсан юм. БНХАУ-ын даргын 11 жилийн дараа Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд уламжлал болон тогтсон дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний үргэлжлэл болсон бөгөөд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашидын хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой түүхэн айлчлал болсон гэж үзлээ.
Айлчлалын үеэр хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, бүхий л салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг урагшлуулж бодит ажил хэрэг болгох, олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоны зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал болон хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, байгууллага хоорондын 26, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Монгол Улс, БНХАУ хоорондын харилцааны түвшинг дээшлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, санхүү, хилийн боомт, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд бодит ахиц гарч өндөр, дээд түвшинд олон чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болов.
Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын транзит ачаанд 40 хувиас доошгүй тарифын хөнгөлөлт үзүүлэх, төмөр замын дөрвөн боомт шинээр нээх (Гашуун сухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан), далайн гарцтай боомтыг нэмэгдүүлж, Азиас Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачааны гуравны нэгээс доошгүйг Монголын нутгаар тээвэрлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Айлчлалын үеэр хятадын тал Монгол Улсын хөгжил цэцэглэлд зориулан ирэх гурван жилийн хугацаанд 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм.
Мөн хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Хятадын тал ирэх 5 жилийн хугацаанд тус улсын Засгийн газрын тэтгэлгийн квотыг 1000-аар нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад 1000 хүн хамруулах, цэргийн 500 албан хаагчийг сургах, хэвлэл мэдээллийн салбарын 250 ажилтан, Монгол Улсын 500 залууг Хятад улсад хүлээн авч айлчлуулах, Монголын тал ирэх 5 жилийн хугацаанд Хятад улсын 250 залууг манай улсад айлчлуулахаар тохиролцов. Эдгээр арга хэмжээ нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын харилцан солилцоог тогтмолжуулахад хувь нэмэр оруулах юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын дүнг хэлэлцэв | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.