Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын гуравны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Засгийн газрын гишүүд хэлэлцжээ.
Айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дахин нотолж, цаашид Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг түргэвчлэн шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгаж хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн боллоо гэж үзжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчин бэлтгэх зэрэг уламжлалт хамтын ажиллагаа үр бүтээлтэй өрнөж байгааг сайшааж, 2015 онд тохиох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн үеэр Москва хотноо Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулахаар тохиролцсон юм.
Хоёр орны худалдааг эрчимжүүлэх, тэнцвэртэй хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн асуудлыг дэвшүүлэн тохиролцоонд хүрлээ. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл, монгол гэр зэргийг ОХУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх зорилгоор хэлэлцээ хийж, эрх зүйн үндсийг боловсруулахаар болов. Мөн худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, үүний тулд холбогдох баримт бичгийг байгуулах, Монголд рублийн хэрэгцээт нөөцийг бий болгох үүднээс 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудлаар хоёр улсын Сангийн сайд нар ойрын үед хэлэлцээ хийхээр боллоо.
Түүнчлэн дэд бүтцийн чиглэлээр “Улаанбаатар төмөр зам”-ыг далайцтай шинэчлэхээр тохиролцож, үүний тулд хос төмөр зам барих, төмөр замыг цахилгаанжуулах ажлыг яаралтай эхлүүлэн, 2020 он гэхэд дуусгахаар тохиролцов. Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрүүлэх боломжийг бүрэн ашиглаж, ОХУ, БНХАУ-ын хооронд дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулах чиглэлээр ажиллахаар болов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээрээс “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр орны ард түмний түүхэн уламжлалт найрсаг харилцааг харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ажлын айлчлалын дүнг хэлэлцэв | ||
Үзсэн: 1727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.