![](/uploads/201409/news/thumb/d86a00bae4f2611e3b519a6f9ebeb55f_x3.jpg)
Энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлого төлөвлөсөн дүнгээс 623.4 тэрбум төгрөгөөр тасраад байгаа тул яаралтай биш зарим бараа, ажил үйлчилгээний зардлыг хумих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгөн хөрөнгийг бууруулж олгох, шинээр өр төлбөр үүсгэхгүй байхыг Сангийн сайд, Төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгасан байна.
Өнгөрөгч зургаадугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг дүгнэж, ажлыг нь эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Засгийн газраас даалгасан. Гэвч есдүгээр сарын 16-ны байдлаар 85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байгаа аж.
Хэдий гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн ч барилга угсралтын технологийн горим, стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх хугацаа хязгаарлагдмал болсон учир ийнхүү тендер зарлах, гэрээ байгуулах хугацааг тасалбар болгож байгаа ажээ. Өнгөрсөн онд төсвийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгож байсан юм.
Төсвийн хөрөнгийг зарим бараа, ажил үйлчилгээнд олгохгүй | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.