
“Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдлаа.
Хурлын хаалтын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан хурлаас гарсан уриалгыг танилцуулж, баталгаажууллаа.
Үүний дараа Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар хурлыг хааж үг хэллээ.
Олон улсын хурлыг жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого”, “Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ”, “жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт”, “Эмэгтэйчүүдээр удирдуулсан уур амьсгалын санаачилга, эмэгтэйчүүдийн манлайллын чадамжийг таниулах нь” сэдэвчилсэн 4 салбар хуралдаанаар олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойллоо.
Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан УБ хотод болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 285 саналыг хурлаас гарах УРИАЛГА (Call to Action)-д тусгаж ажиллалаа.
Уриалгыг 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 30-р бага хурал (СОР30)-д өргөн барих, шинэчлэгдсэн жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх салбар зөвлөлүүдийн 62-р хуралдаан (2025 оны 6 дугаар сар)-д санал болгон хүргүүлнэ хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
"Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлын уриалгыг баталлаа | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.