Шууд Chart

Туркийн Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилна

2014-09-23 08:56:34

Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй Туркийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр тохиож байгаагаараа онцлог аж. Айлчлалын хүрээнд зөвхөн батлан хамгаалах салбараар зогсохгүй хоёр улсад холбогдох бусад олон сэдэвт асуудлаас гадна бүс нутгийн болон олон улсын асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.   
 
БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз энэхүү айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, албан ёсны хэлэлцээр хийж, зарим гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийж, сэтгүүлчидтэй уулзах юм байна.
 
Мөн тэрбээр Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчидтай уулзан, талархлаа илэрхийлэхээс гадна Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох ажээ.  
 
Түүнчлэн БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлалын хүрээнд Архангай аймгийн нутагт байрлах Түрэгийн хөшөө, дурсгалын цогцолбор, нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Тоньюкукийн хөшөө, Цонжин Болдог байрлах Чингис хааны дурсгалын цогцолборт зочлох аж.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Туркийн Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилна  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй