Шууд Chart

Гадаадад амьдарч байгаа монгол иргэд өөрийн орны нийгмийн даатгалд даатгуулах боломжтой

2014-09-23 09:53:52

Манай улсын Засгийн газар  нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах чиглэлээр ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах  Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс  гэсэн дөрвөн орны Засгийн газар, хооронд  хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Тодруулбал, ОХУ, Казахстан улсын хоорондын хэлэлцээрийн хувьд хоёр улсын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцдог бол БНСУ-тай хамтран ажиллах хэлэлцээрийн агуулга нь  давхар шимтгэл төлөхөөс чөлөөлөх харилцааг зохицуулсан. Харин Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь тухайн хэлэлцэн тохирогч талын нутаг дэвсгэр дээр  шимтгэл төлж, ажилласан хугацаандаа ногдох тэтгэврийг тооцон олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Эдгээр орноос бусад оронд ажиллаж амьдарч буй манай улсын иргэд өөрийн орны даатгалд сайн дурын хэлбэрээр  даатгуулах юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын өнгөрсөн онд гарсан тушаалын дагуу гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний  нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нөхцөл, гэрээний загварыг баталсан.
 
Энэхүү журамд зааснаар тухайн иргэн нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтээ Монгол улсынхаа нийгмийн даатгалын байгууллагад гаргаж цахим хэлбэрээр бүртгүүлэн гэрээ байгуулах юм. Гэрээндээ шимтгэл төлөх орлогоо мэдүүлнэ,шимтгэл  төлөх хугацаагаа тохиролцоно. Мөн Монгол Улсад амьдарч буй  ах дүү төрөл хамаатан садан, өөрийг тань төлөөлөх, итгэмжлэгдсэн хүнээрээ дамжуулан   сайн дурын даатгалын гэрээ байгуулах боломжтой.  

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын доод хэмжээ нь 192.000 төгрөг, дээд хэмжээ 1.920.000 төгрөг байдаг байна. Иймээс тухайн иргэн өөрийн санхүүгийн боломж, нөхцөлөөс хамааран энэхүү дээд, доод хязгаарын хооронд  орлогоо тодорхойлж мэдүүлэх юм. Тухайлбал, шимтгэл тооцох орлогоо 192.000 төгрөг байхаар гэрээндээ тусгавал сардаа 23040 төгрөг (192000*12%/100), жилдээ 276.480 төгрөгийн шимтгэл  төлнө  гэсэн үг юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гадаадад амьдарч байгаа монгол иргэд өөрийн орны нийгмийн даатгалд даатгуулах боломжтой   
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй