Шууд Chart

Тринидад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоох талаар санал солилцов

2014-09-23 09:57:11

Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр Тринидад ба Тобаго Улсын Гадаад хэргийн сайд Винстон Доокерантай уулзжээ.

Монгол Улс, Тринидад ба Тобаго Улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоох талаар Гадаад хэргийн сайд нар санал солилцож, хоёр орны хооронд хоёр болон олон талын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтсон байна.
 
Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлэлийг удирдлага болгон Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг  баримтлахыг ярьж  тохиролцсон бөгөөд Монгол Улс Тринидад ба Тобаго Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах өргөн боломжийг нээж байгаа нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ. 
 
Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 онд болох сонгуульд нэрээ дэвшүүлсэнтэй холбогдуулан сайд Л.Болд Тринидад ба Тобаго Улсын дэмжлэгийг хүссэний хариуд Гадаад хэргийн сайд Винстон Доокеран түүний хүсэлтийг нааштайгаар хүлээн авахаа мэдэгдсэн юм.
 
Түүнчлэн Тринидад ба Тобаго Улсад төв нь байрладаг Карибын улсуудын холбоо байгууллагын 25 гишүүн улстай харилцах, Монгол Улсыг тэднээр дэмжүүлэх  чиглэлээр хамтран ажиллахаа Тринидад ба Тобаго Улсын Гадаад хэргийн сайд илэрхийлээд Гадаад харилцааны сайд Л.Болдыг өөрийн  оронд айлчлахыг албан ёсоор урьжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Тринидад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоох талаар санал солилцов  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй