Шууд Chart

Америк менежменттэй эмнэлэг нээгджээ

2014-09-23 10:07:27

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг багасгаж, эх орондоо эмнэлэг, оношлогооны чанартай үйлчилгээ авах боломжийг олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг санаачлан хэрэгжүүлжээ.  

Интермед эмнэлэг нь европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх боломжтой болж байгаагаараа онцлог аж.
 
Уг эмнэлгийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Хувийн хэвшлийн компаниуд урт хугацаанд нийгэмд өгөөжөө өгөх томоохон төсөлд хөрөнгө оруулж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа. Гадаадад эмчлүүлэх, оношлуулаад нэг жилд 20 гаруй сая долларын зардал гарч байна. Энэ эмнэлэг нээгдсэнээр иргэдийн эрүүл мэндийн салбарын техник технологийн шинэчлэл, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг чадварт итгэх итгэл улам нэмэгдэж, гадаадад явж эмчлүүлэх урсгал багасна. Европ стандартын дагуу баригдсан орчин үеийн энэ эмнэлэг зөвхөн монголчууд бус ойр хавийн бүс нутгийнхан ирж үйлчлүүлдэг том төв болж чадна гэдэгт итгэж байна” гэлээ.
 
Эмнэлгийн удирдлагыг Азийн бүсийн хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг АНУ-ын Юнайтед Фэмили сүлжээ эмнэлэгтэй хамтарсан менежментийн баг хариуцаж, монгол эмч мэргэжилтнүүд америкийн нарийн мэргэжлийн эмч нартай оношлогоо, эмчилгээ болон сургалтын чиглэлээр хамтран ажиллах юм байна. Тус эмнэлгийн бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн 4000 гаруй инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүд оролцож, төслийн нийт хөрөнгө оруулалт 100 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.  Интермед эмнэлэг нээгдсэнээр эрүүл мэндийн салбарт 250 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа ажээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Америк менежменттэй эмнэлэг нээгджээ  
Үзсэн: 1832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
цэцэгэээ [202.179.31.xxx] 2018-02-09 17:55
зөвөлгөө авах гэсэн юм, надад утасны дугаар өгнө үү
Зочин [202.179.31.xxx] 2018-02-09 17:53
сайн бнауу эмнэлэгтэй холбогдох утас надад илгээнэ үү

Бидэнтэй нэгдээрэй