Шууд Chart

Ц.Элбэгдорж: Хэрвээ та бүхэн уур амьсгалын өөрчлөлт болж буйд эргэлзэж байвал Монголд ирэгтүн

2014-09-24 13:34:46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын 69 дүгээр чуулганд оролцож байгаа билээ. Түүний НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулган дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Ноён дарга аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бид чиг зорилгоо шинэчилж, улс төрийн манлайллаа тодорхойлохоор энд хүрэлцэн ирээд байна.
Миний бодлоор бидний өмнө энэ асуудлыг шийдэх цаг мөч тулж ирээд байна.
Уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөхгүй улс гэж байхгүй. Найрсаг зочломтгой, байгаль дэлхийд ойрхон байдаг монголчуудын ахуй амьдралд хүртэл уур амьсгалын өөрчлөлт сөрөг нөлөө үзүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь шинжлэх ухааны зохиол, мэтгэлцээний сэдэв байхаа больжээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь амьдралын бодит асуудал болоод байна. Хэрвээ та бүхэн уур амьсгалын өөрчлөлт болж буйд эргэлзэж байвал Монголд ирэгтүн.
Та бүхэн манай оронд, Монголд очоод асуухад жирийн малчин нь хүртэл байгаль цаг уурынхаа мянга мянган жилийн улбааг танин мэдсэн туршлага дээр бодит амьдралд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн гамшгийн хэмжээнд хүрснийг хэлээд өгөх болно. 
Ноён дарга аа,
Би өчигдөр Колумбын их сургуульд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дугуй ширээний уулзалтад оролцсон.
Дэлхийн дулаарал цельсийн хоёр хэмээр нэмэгдэх тутам сая жилд нэг удаа болох байгалийн гамшиг жил тутамд болох аюултай гэж нэг мэргэжилтэн хэлсэн.
Жишээ нь :
- Өдөр бүр 1500 онгоц осолдвол хэрхэх вэ?
- Хайян хар салхи долоо хоног тутам, улс бүхэнд болбол яах вэ? Бид үүний эсрэг зогсож чадах уу?
- Фукушима цахилгаан станцын осол сар бүр тохиолдвол яах вэ?
Бид энэ бүх гамшгийн өмнө хүчин мөхөс шүү дээ.
Миний бодлоор ганц Фукушимагийн осол бидэнд хэтэрхий их хохирол учруулсан. Миний бодлоор нэг Хайяны хар салхи хэтэрхий олон хүнийг хохироосон.
Миний бодлоор МН 17-ийн осол бидэнд болон хүн төрөлхтөнд хэтэрхий их гарз болсон.
Энэ бүх гамшиг, ослоос болж мянга мянган хүний амь эрсдэж, олон гэр бүлийн амьдрал сүйрсэн. Энэ олон мянга, сая хүний амь нас бол зөвхөн тоо төдий зүйл биш юм. Тэд бол бидний хөрш, эгч, ах дүүс, хамаатан садан, хүний алтан амь нас билээ.
Энэ бүх гамшигт ганц хүн амиа алдсан ч миний хувьд хэтэрхий үнэтэй.
Дэлхий ээж маань биднийг 11 мянган жилийн турш энх тайван, эв нэгдэлтэй амьдруулсаар иржээ. Энэ 11 мянган жилийн дараа бид дэлхий ээжийгээ орхих болж байна уу?
Дэлхий ээж маань бидэнд дэндүү үнэтэй, хаяхад хэтэрхий залуу, бас үзэсгэлэнтэй хэвээр байна шүү дээ.
Цэнхэр гариг маань үнэхээр өвөрмөц, дахин давтагдашгүй гэдгийг бид мэднэ. Яг л таны, миний, бид бүхний ээж шиг цорын ганц шүү дээ. Тэгээд бид түүнийгээ орхиж чадах юм уу? Үгүй ээ, энэ бол төсөөлөхийн аргагүй.
Дэлхийн дулаарлын талаар нэг л мэдээлэл үнэхээр айдас дагуулдаг. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэдэн зуун үйл явдал, мэдээ баримт, судалгаа гарч байна шүү дээ. Бидд энэ талаар одоо хангалттай мэдээлэлтэй болсон.
Уур амьсгалын өөрчлөлт удаан байгаа учраас зогсооход амархан гэж бодож байна уу? Миний бодлоор үүнийг зогсоож хүчрэхэд бэрх болсон. Уур амьсгалын өөрчлөлт хэтэрхий их гамшиг дагуулсан, үүний эсрэг зогсоход үнэхээр аюултай болсон.
Манай гаригт амьдрахад үнэхээр аюултай болж байна гэж бид боддог.
Бид бол хүн төрөлхтөн, бидний өнөө үеийнхний цаг үе дуусч байгаа ч бидний дэлхий дуусах ёсгүй. Бид дэлхийгээ хайрлан хойч үедээ хадгалан үлдээх ёстой. Энэ ажлыг бид яг одооноос хэрэгжүүлэх хэрэгтэй.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр хоногийн өмнө Нью-Йорк хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцсон.
НҮБ-ын шинээр томилогдсон Энхийн элч, “Уолл Стритийн чоно” Леонардо ди Каприо уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийн талаар сэрэмжлүүлж байна. Эдгээр үйл явдал их цагаа олж, хоорондоо бэлгэдэлтэй холбогдож байна гэж бодож байна.
Биднээс, надаас, та бүхнээс болж уур амьсгалын өөрчлөлт үүссэн. Бид хойч үе, үр хүүхдээ уур амьсгалын өөрчлөлт гэж мангасын гарт үлдээх болж байна уу? Хэрхэвч үгүй биз дээ.
Тэгвэл яг одоо хамтдаа тэмцье.
Ноён дарга аа,
Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүнүүд ээ,
Хариуцлагатай иргэд ээ,
Яг одооноос эхлээд хамтдаа тэмцье"
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Элбэгдорж: Хэрвээ та бүхэн уур амьсгалын өөрчлөлт болж буйд эргэлзэж байвал Монголд ирэгтүн  
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй