Шууд Chart

“Хоймор өнжих нар” олон ангит киноны зураг авалт эхэллээ

2014-09-26 18:15:20

Энэ оныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Уг зорилтот жилийн хүрээнд салбарын яамнаас МҮОНТ-тэй хамтран “Хоймор өнжих нар” 50 ангит уран сайхны киног бүтээхээр болжээ.   Гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр бүтээгдэж байгаа тус кинонд Төрийн банк хамтран ажиллаж байгаа аж.

Тус киноны ерөнхий продюсерээр МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, продюсерээр Л.Эрдэнэтуяа нар ажилласан бол зохиолыг МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Энхболд бичжээ. Харин киноны ерөнхий найруулагчаар Л.Ариунжаргал, ерөнхий зураглаачаар Л.Нямсүх нар ажилласан байна. Түүнчлэн уг уран бүтээлд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр, МУГЖ Ц.Цэнд-Аюуш, МУГЖ Г.Урнаа, МУСТА жүжигчин Д.Бямбацогт, жүжигчин н.Сүхбаатар, Я.Эрдэнэбал, Ш.Батболд, Т.Эрдэнэбаяр болон бусад жүжигчид тогложээ.
 
МҮОНТ-ийн ээлжит уран бүтээл болох “Хоймор өнжих нар” олон ангит уран сайхны киноны зураг авалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн халамжийн хэлтсийн байранд болсон юм. Энэ үеэр киноны уран бүтээлч болон хамтран ажилласан байгууллагуудаас дараах тодруулгыг авлаа.
 
МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа:
 
-МҮОНРТ-ийн тухай хуульд МҮОНРТ-ийн тодорхой хувь нь үндэсний контент, үндэсний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлнэ гэж заасан байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд МҮОНРТ нийтлэл нэвтрүүлгийнхээ бодлогод өөрсдийнхөө оюуны бүтээлийг түгээн дэлгэрүүлж байгаа. Мэдээж хэрэг гадны контентууд сүүлийн үед манайд нилээд орж ирж байгаа. Ингэж гадны контентыг түгээн дэлгэрүүлснээрээ оюуны чадамж, үндэсний тусгаар тогтнолоо тодорхой хэмжээгээр алдахад нөлөөлж байгаа жишээ олон улсад байна л даа. Гэтэл барууны өндөр хөгжилтэй улс орнууд үүнийг урьдаас төлөвлөж мэдэж анхаарал хандуулснаараа өөрсдийнхөө бүтээлд өндөр хувийг тавьж өгсөн байдаг. Тэгэхээр МҮОНРТ бас зүгээр суугаагүй, бид олон ангит уран сайхны кино хийх 10-аад жилийн арвин туршлагатай. Энэ хугацаанд арав гаруй олон ангит кино хийгээд байна.  Түрүүний хэлсэнчлэн олон ангит Өдөр өдрийн нар, Тусгай салаа, Хэцүү анги гэх мэт кинонууд бол үзэгчдийн хүртээл их дэмжлэг авсан кинонууд болсон. “Хоймор өнжих нар” гэдэг энэ олон ангит кино бол Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зориулан бүтээгдэж байгаа манай томоохон бүтээл байх болно. Энэ киноны санаачлагч, захиалагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон санхүүгийн хувьд биднийг дэмжсэн Төрийн банкны хамт олонд талархал илэрхийлье. Цаашдаа бидний уран бүтээл өргөн дэлгэрэх байх гэж бодож байна.
 
Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн халамжийн ерөнхий газрын Захиргаа, Хяналтын албаны дарга М.Хурцбаатар:
 
-Манай халамжийн үйлчилгээний талаар олон ангит уран сайхны кино хийх гээд өнөөдөр зураг авалтын нээлтийн ажиллагаа болж байна. Халамжийн үйлчилгээг иргэдэд таниулж өгч байгаад их баяртай байна. Халамжийн үйлчилгээ бол дэмжлэг туслалцаа шаардлагатай нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд голдуу үйлчилдэг. Иргэд энэ талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Манай оронд нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай маш олон иргэн байдаг. Ялангуяа захын гэр хорооллын иргэд ч юм уу, бид хамгийн наад зах нь тэнэмэл гэгддэг иргэдэд өвлийн улиралд өдөрт нэг удаа халуун хоол, цай өгдөг. Энэ кино бүтээгдээд иргэд манай халамжийн үйлчилгээний талаар мэдсэнээр зарим хүмүүс яаж амьдарч байна, тэдэнд яаж туслаж болох вэ гэдгийг мэдэж авах байх гэж бодож байна. Манай салбарын ажилчид ер нь хүний төлөө л ажилладаг. Жишээ нь, манайд орж ирсэн хүмүүс биднийг уурлаж загначихаад нийгмийн даатгалд очоод загнуулаад зогсож байдаг юм. Тэгэхээр энэ бүхнийг иргэдэд ойлгуулж өгч байгаад их таатай байна.  
 
 
МҮОНРТ-ийн найруулагч Т.Амармэнд:
 
-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд манай МҮОНТ "Хоймор өнжих нар" гэдэг 50 ангит киног хийж байна. Би хэдийгээр МҮОНТ-д найруулагч хийдэг ч гэсэн СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Тийм болохоор өөрийнхөө үндсэн мэргэжлээр энэ кинонд тоглож байгаадаа маш баяртай байгаа. Кинонд Цолмон гэж Нийгмийн даатгалын ажилтан эмэгтэйн дүрийг бүтээж байгаа. МҮОНТ гэр бүлийн тухай, гэр бүл хүмүүсийн харилцааны талаар ингэж кино хийх нь зайлшгүй хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Энэ кинонд маань залуу жүжигчдээс гадна туршлагатай олон сайхан уран бүтээлчид оролцож байгаа. Тэгэхээр Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш гээд ахмад уран бүтээлчидтэйгээ хамтарч тоглож байгаадаа үнэхээр баяртай байна.
 
 
МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Энхболд:
 
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар МҮОНТ, Төрийн банктай хамтарч Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилд зориулагдсан 50 ангитай “Хоймор өнжих нар” гэдэг нэртэй кино хийж байна. Хоймор өнжсөн нар гэдэг нь юу гэсэн утгатай юм гэхээр айл гэрийн аз жаргал, хүмүүсийн харилцаа зэрэг нь дандаа хоймортоо гэр бүлээ харж байнга байдаг гэсэн утгатай юм. Долоон гэр бүлийн хүмүүсийн хоорондын харьцаагаар энэ киноны гол хэлийг илэрхийлж хэлье гэж бодсон юм. Нийгэмд хар бараан, гэрэл гэгээтэй гээд аль аль зүйлүүд байдаг, тэр бүхнийг тусгахыг хичээсэн уран бүтээл байгаа. Өнөөдөр бүтээл маань ийнхүү албан ёсоор зураг авалт эхэлж байна. Миний хувьд сэтгэл их хангалуун байна.
 
 
Найруулагч Л.Ариунжаргал:
 
-МҮОНТ-ийн ээлжит шинэ бүтээл болох “Хоймор өнжих нар” гээд 50 ангит уран сайхны киног Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран бүтээх гэж байна. Энэ бүтээл маань Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд бүтээгдэж байгаа учраас бид гэр бүлийн сайн сайхны талаар үзүүлье гэдэг гол зорилгыг тавьж байгаа. Зарим нэг гарцаа олохгүй байгаа гэр бүлүүдэд амьдралд ийм зүйл байдаг юм гэж үзүүлэхээс илүү ийм аргаар шийдвэрлэж болох юм, ингэж давж гарч болно, ингэж нэг нэгэндээ уучлалтай хандах юм бол бүтэхгүй зүйл гэж байхгүй шүү гэдгийг харуулахыг бас зорьж байгаа. Нэрнээсээ харахад ч гэсэн тодорхой байгаа, аль болох гэрийнхээ хойморт тэр нарыг өнжөөж байхыг гэрийн эзэд өөрсдөө хичээж байх ёстой гэдгийг харуулах гээд байгаа юм. Зохиол маань олон гэр бүлийн амьдралыг харуулж байгаа учраас үндсэн дөрвөн гэр бүл, түүнийг тойроод долоон гэр бүлийн амьдрал гарч байгаа. Энд залуухан, настай гээд янз бүрийн гэр бүлүүд байгаа. Мөн гэр бүлийн эзэд нь анхнаасаа зөв замаар явсан бол үр хүүхдүүд нь яаж хүмүүждэг юм, өөрөө буруу замаар буруу зүйл хийгээд явбал буцаад энэ нь үр хүүхдүүдэд нь яаж нөлөөлдөг юм гэдгийг жишиж харуулахын тулд эсрэг талын дүрийн гэрийн эздүүд ч бас байгаа, аль болох олон талаас нь харуулахыг зорьж байгаа.
 
Үндсэн зураг авалтыг дөрвөн сар орчим хийхээр төлөвлөсөн. Хэдийгээр өнөөдөр ингэж зураг авалтын нээлтээ хийж байгаа ч үүнээс хойш цаг наргүй ажиллах их ажлын маань эхлэл болж байгаа юм. Кино маань ирэх 2015 онд үзэгчдийн хүртээл болно.
 
 
ХАХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Нарангэрэл:
 
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Хоймор өнжих нар” гэдэг олон ангит уран сайхны киног захиалгаар бүтээж байгаа юм. Энэ уран бүтээлд маань хамтран ажилласан кино урлагийг дэмжигч Төрийн банкиндаа юуны өмнө баяр хүргэе.
Кино маань бүхэлдээ төрт ёсыг харуулна. Чингис хааны үеэс эхлээд төр бол гэр бүлээс эхэлдэг, гэр бүл харин  төрийн нэг нэгж гэж явж ирсэн түүхтэй. Энэ уламжлалт түүхэн дээрээ үндэслээд гэр бүлийг бид төрийн анхан шатны нэгж гэдэг үүднээс дэмжиж авч явах ёстой. Манай салбарын явуулж байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр, тэтгэмж даатгалын гээд бүхий л үйл ажиллагааг явуулдаг. Энэ бүх үйл ажиллагаа маань бүхэлдээ ард иргэдтэй холбоотой, дээрээс нь гэр бүлийн хөгжлийг дэмжих жилтэй холбоотойгоор иргэдэд яаж тэтгэвэр тэтгэмж өгөгддөг, яамны харьяа салбар агентлагуудын үйл ажиллагаа, өдөр тутам хүмүүст олгогдож байгаа өндөр настны тэтгэвэр, тухайлбал дөнгөж сая явагдаад өнгөрсөн ажилласан жил нөхөн тооцох тогтоол зэрэг төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа өдөр тутамдаа хүмүүст яаж хүрдгийг нээлттэй харуулах, төр иргэдийн хоорондох холбоог харуулах зорилготой. Гэхдээ үүнийг зөвхөн салбарын үйл ажиллагааг сурталчилсан кино гэж харах биш  төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ зарчмын хувьд ямар байдгийг харуулах юм. Киноны маань зураг авалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна, кино багийн нийт уран бүтээлч, жүжигчдэдээ амжилт хүсье.
  
Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил хариуцсан захирал Ж.Болормаа:
 
Төрийн банк Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр, тэтгэмж бусад банкны үйлчилгээг ахмадууд харилцагчиддаа хүргэж ажилладагаараа ард түмэндээ нэлээд ойрхон байдаг. Үүнтэй холбоотой нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэхийн тулд Төрийн банк, НДЕГазар хамтран Монголд анх удаа “Нийгмийн даатгалын үйлчилгээний Ко-брэнд карт”-ыг зах зээлд нэвтрүүлж байсан нь саяхан. Мөн Төрийн банкны зүгээс 2014 онд нийгмийн хариуцлагын чилглэлээр иргэдэд “Санхүүгийн боловсрол олгох аян”, “Эко боловсрол олгох аян” гэсэн 2 аяныг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Эдгээр аяны хүрээнд  Кино урлагаар дамжуулан ард түмнийхээ санхүүгийн боловсролд бага ч болов хувь нэмэрээ оруулан ХАХНХЯ-ыг дэмжиж “Хоймор өнжих нар” олон ангит кинонд хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Энэ кино маань Гэр бүл тэрдундаа залуу гэр бүлд нэгийг бодогдуулсан, амьдрах ухаанд сургасан,тэднийг дэмжсэн сайн бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.   
 
Ингээд удахгүй болох гэж байгаа Ахмадын баярын мэндчилгээг нийт ахмадууддаа Төрийн банкнийхаа ажилтнуудыхаа өмнөөс өргөн дэвшүүлье.
 

 

 
Ардын жүжигчин  Д.Мэндбаяр:
 
-МҮОНТ-ээс гэр бүлийн тухай сэдэвтэй кино хийхээр болж нээлтийн ажиллагааг хийж байгаад их баяртай байна. Гэр бүлийн асуудлыг энэ кинонд гаргах гэж байгаа уран бүтээлчдийн янз бүрийн өнцгөөс амьдралыг, гэр бүлийг харж байгаа энэ олон гэр бүлүүдийн дотроос н.Сүхбаатар бид хоёрын бүтээж байгаа гэр бүлийн дүр бол хүүхдүүд нь томроод гадаадад явчихсан, энд хоёулханаа амьдардаг, гэсэн хэдий ч дөрвөн хүүхэдтэй айлыг хашаандаа буулгаад хүүхдүүдийг нь харж өгч байгаагаар кинонд дүрслэгдэж гарч байгаа. Ер нь гэр бүлийн асуудал чинь хэдий чинээ бие биендээ хайр халамж тавина, төдий чинээ амар амгалан, ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байдаг. Залуучуудыг хараад байхад хүүхдүүддээ их түүртдэг. Энэ бол нийт гэр бүлүүдэд их харагддаг, яагаад гэхээр сургууль цэцэрлэг ховор байгаа энэ цаг үед хүүхдийг нь харж өгөөд залуучуудад тус болох хөгшчүүл бас байдаг гэдгийг залуучууд маань ч бас мэдрэг, бид ч бас энэ талаас нь харах болов уу гэж бодож байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Хоймор өнжих нар” олон ангит киноны зураг авалт эхэллээ   
Үзсэн: 5646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй