Манай улс жил бүрийн 10 дугаар сарын нэгний өдрийг “Ахмадын баяр”-ын өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан УИХ-ын дарга З.Энхболд болон Тамгын газрын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 57 ахмадтай. Тэдний 40 гаруй нь уг уулзалтад хүрэлцэн иржээ. УИХ-ын дарга З.Энхболд ахмадуудад баярын мэнд дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаад, ахмадуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар УИХ-ын даргад дуулгалаа. Тэрээр ахмадуудын дунд өвчлөл маш их байгааг хэлээд төрийн өндөр алба хашиж байсан, төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад настнуудын эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж, эрх зүйн орчинг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг яаралтай батлах, өндөр өртөгтэй эмчилгээнд явж буй ахмадуудад тусламж үзүүлэх зэргийг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд ахмадуудад хандан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг сар шинийн өмнө батлахаар төлөвлөж байгааг хэлээд ахмад настан болон хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсаас төлдөг. Энэ нь маш бага мөнгө байдаг учраас эргээд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хангалтгүй байдаг. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөхөөр хуулинд тодорхой заалтууд орж байгаа хэмээн тайлбарлалаа. Тэд уулзалтын төгсгөлд харилцан санал солилцсон юм.
УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.