![](/uploads/201409/news/thumb/774761af27faf22d51e9bff8ad6b6751_x3.jpg)
Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр манай улсад анх удаа ашиглалтад орж буй “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл”-ийн нээлтийн ёслол өчигдөр боллоо.
Концессийн төслийн уг гэрээг Засгийн газраас Төрийн өмчийн хорооны даргад эрх олгосны дагуу 2011 оны 10 дугаар сарын 26-нд “Эн Ти Би” ХХК болон “Саусгоби сэндс” ХХК нарын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий "Ар ди си си" ХХК-тай байгуулсан ба концесс эзэмшигч нь Концессийн тухай хуулийн дагуу дээрх хоёр компанийн хөрөнгө оруулалтаар автозамыг барьж байгуулан ашиглалтад өгч байгаа ажээ.
Хүнд даацын автозамын урт 44 км бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалтад 109 тэрбум төгрөг зарцуулсан байна. “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл” нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж буй бөгөөд концесс эзэмшигч нь автозамыг энэ өдрөөс хойш 15 жилийн хугацаанд ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх болон ногоон уул уурхай хөгжих чухал ач холбогдолтой аж.
Эдийн засгийн хөгжлийн яамнаас одоогийн байдлаар Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхээр нийт 14 автозамын шууд гэрээний хэлэлцээг компани, аж ахуйн нэгжүүдтэй хийж байгаа аж. Зөвхөн зам гэлтгүй улс орны хөгжил цэцэглэлтэд шаардлагатай бүтээн байгуулалтуудыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх нь Улсын төсвийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийнхнээ бодлогоор дэмжих чухал ач холбогдолтой гэдгийг яамны удирдлагууд хэлж байлаа.
Концессийн гэрээний анхны төслийн зам ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 1233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.