![](/uploads/201409/news/thumb/e302bea13ea3beb05b5decb795afbabd_x3.jpg)
Дэлхийн Худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааны бодлогыг хянан хэлэлцэх зөвлөл (ХБХХЗ)-ийн энэ сарын 24-26-ны өдрүүдийн хуралдаанаар Монгол Улсын худалдааны бодлогын тухай илтгэлийг хоёр дахь удаагаа хэлэлцүүлэв.
ДХБ байгуулах тухай хэлэлцээрт зааснаар гишүүн орнууд нь дэлхийн худалдаанд эзлэх худалдааны нийт хэмжээнээсээ хамааран 2, 4, 6 жил тутам худалдааны бодлогоо ДХБ-ын ХБХХЗ-өөр хэлэлцүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Монгол Улс нь зургаан жил тутам хэлэлцүүлнэ. Энэхүү үүргийн дагуу Монгол Улс нь худалдааны бодлогоо ДХБ-аар 2005 онд анх удаа хэлэлцүүлсэн юм. Хуралдааны гол зорилго нь дурдсан хугацаа (2005-2014)-нд Монгол Улсын гадаад худалдааны бодлогод гарсан өөрчлөлтүүдийг ДХБ-ын гишүүн орнуудын анхааралд сонордуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулахад оршдог аж.
Хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат манай улсын худалдаа, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого болон олон талт худалдааны хэлэлцээн дэх манай улсын оролцоо зэрэг асуудлаар илтгэл тавив. Түүнчлэн хуралдаанд манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнууд болох БНХАУ, ОХУ, АНУ, Европын Холбоо, Канад, Япон, БНСУ, Австрали, Турк зэрэг нийтдээ ДХБ-ын 40 орчим гишүүн улс орны төлөөлөгчид оролцож манай улсын худалдаа, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү хуралдааны үеэр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ДХБ-ын Ерөнхий захирал ноён Роберто Азеведо, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Петр Драганов, Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалес нартай уулзаж, манай улсын худалдаа, эдийн засгийн байдлыг товч танилцуулж, тус байгууллагуудтай хийж буй хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар ДХБ-ын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улс нь олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжин ажиллаж байгааг сайшаан тэмдэглээд, цаашид Монгол Улсын худалдааны чадавхийг бэхжүүлэхэд тус байгууллагын зүгээс үзүүлж буй техник туслалцааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлэв. ОУХТ-ийн Ерөнхий захирал хатагтай А.Гонзалес худалдааг хөнгөвчлөх, жижиг, дунд үйлдвэрлэл, экспортыг дэмжих чиглэлээр манай улстай хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн юм.
Мөн НҮБ-ын ХХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч П.Драганов худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр манай улстай хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшаан, цаашид өргөжүүлэх боломж байгааг дурдаж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын худалдааны бодлогыг хэлэлцэв | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.