Шууд Chart

Хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

2014-09-29 14:58:07

Хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын А.Бакей, Ж.Батзандан нарын есөн гишүүн өнгөрөгч зургаадугаар сард УИХ-д дахин өргөн барьсан. Уг хуулийн төслийг өмнө нь УИХ-д хоёр удаа өргөн барьсан бөгөөд тухай бүрт унаж байсан юм. Уг хуулийг санаачилж дахин өргөн барьсан А.Бакей гишүүн энэ хуулийн төсөлд ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй, харин бизнес эрхлэгчдэд учирч байгаа давхар дарамтуудыг арилгах, төрийн төвлөрлийг багасгах зорилготой гэсэн юм.

Тус хуулийн төсөлд иргэд, байгууллагын саналыг хүлээн авах зорилгоор өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Батхүү, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакей, НИТХ-ын дарга Д.Баттулга, МХЕГ-ын дарга Д.Батмөнх Шадар сайдын зөвлөх Н.Батсуурь тэргүүтэй бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2003 оноос хойш нэгдсэн тогтолцоонд шилжсэн боловч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ хуучин хяналтын агентлагуудын ажлын арга барилыг үндсэнд нь хэвээр хадгалан, яамдын харьяанд байсан хяналтын газрууд шиг ажиллаж ирсэн байна. Улмаар салбарын болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дотоод хяналт, хариуцлага суларч, аливаа гажуудлыг хариуцах эзэнгүй болжээ.
 
Мөн 2003 онд батлагдсан Төрийн хяналт, шалгалтын тухай хууль байцаагч нарын эрх мэдлийг өргөтгөж, харин хяналт шалгалт явуулах журам болон бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй орхигдуулжээ. Мөн шалгалтын төлөвлөгөө боловсруулахдаа эрсдлийн үнэлгээнд үндэслэдэггүй, шалгалтын арга, хэлбэр болон шалгалтын мөрөөр авах арга хэмжээ нь ихэвчлэн байцаагчийн хувийн ойлголт, үзэмжээр шийдэгдэх байдалтай явагдаж иржээ. Хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжид улсын байцаагч шалгалтын илтгэл бичиж, гарын үсэг зурж байхаар заасан боловч шалгалт хийх талаар урьдчилан мэдэгдэх, удирдамжгүйгээр шалгалт хийхгүй байх, улсын байцаагч биеийн байцаалтаа шалгуулагч этгээдэд заавал үзүүлж байх, түүнчлэн хяналт шалгалтын бүртгэл хөтлөх зэрэг хяналт, шалгалтын ил тод, шударга байдлыг хангах талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй байна.
 
Эдгээр заалтууд нь хяналт, шалгалтыг улсын байцаагчийн хувийн сонирхлоос ангид байлгах, шалгуулагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт юм. Иймд дээр дурдсан үндэслэл, практик шаардлагыг харгалзан Мэргэжлийн хяналтын байгууллагыг хүний амь нас, эрүүл мэнд, амьдрах орчин, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Нийтийн аюулгүй байдлын хяналтын байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах, мөн бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, түүнийг хангах эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй