Шууд Chart

Соёлын биет бус өвийг өвлөн эзэмшсэн хүнд “Улсын эрдэнэ” өргөмжлөл олгоно

2014-09-29 16:25:43

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийсэн.  Хэлэлцүүлэгт ШУА, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, доктор, профессорууд, иргэд, ардын авьяастнуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний 2013 оны сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн дөрвөн гол хөтөлбөрийн нэг нь “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх тухай юм. Уг хөтөлбөр нь Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож “Улсын эрдэнэ” хэмээн өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
 
Энэ үеэр соёлын биет бус өвийг тээгч хүмүүсийг хэрхэн урамшуулдаг талаар гадаад орнуудын зарим туршлагаас Соёлын өвийн төвийн зөвлөх, доктор С.Юндэнбат танилцууллаа. Түүний илтгэлд дурдсанаар тээгч эзэнтэйгээ хамт үрэгдэж үгүй болох эрсдэлтэй эмзэг өв болох соёлын биет бус өвийг хойч үедээ дамжуулан үлдээх зорилгоор гадаадын улс орнууд тодорхой арга хэмжээ авдаг байна. Японд 1950-иад оноос ийм арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд 1975, 2004 онд удаа дараа хууль тогтоомж гаргаж байжээ. Ингэснээр устаж мөхөхийн босгонд тулсан уламжлалт технологи, урлаг, ёслол, зан үйлийг тээгчдийг төрийн хамгаалалтад авч, “Хүн эрдэнэ” гэсэн хөтөлбөрийг Японд анх хэрэгжүүлж байсан байна. БНСУ мөн ийм хөтөлбөр хэрэгжүүлж, ЮНЕСКО дээрх орнуудын “Хүн-амьд эрдэнэ” гэсэн хөтөлбөрийг гишүүн орнууддаа нэвтрүүлэх зөвлөмж гаргаж байжээ. БНСУ-д соёлын биет бус өвийг тээгчдэд мөнгөн урамшуулал олгохоос гадна эрүүл мэндийг нь хамгаалж, урлах бүтээх орчныг нь сайжруулах зэрэг арга хэмжээ авдаг юм байна. Харин уг өв тээгч хойч үеийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дээрх нөхцөлийг цуцлах арга хэмжээ авдаг аж.
 
Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын төслийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Түүний танилцуулснаар уг өргөмжлөл нь алтан, мөнгөн гэсэн хоёр зэрэглэлтэй байх юм. Өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн Цагаан сараар хүртээх бөгөөд жилдээ ес хүртэлх тооны өвлөн уламжлагч хүртэх нөхцөлтэй ажээ. Өргөмжлөлийг энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал дагалдах юм байна. Алтан өргөмжлөлийг хүртсэн нэг өвлөгч таван сая төгрөг, хэрэв хамт олноороо бол найман сая төгрөгийг оролцооны хувь хэмжээгээрээ хуваан хүртэж байхаар төсөлд тусгажээ. Мөнгөн өргөмжлөлийг нэг өвлөгч хүртвэл гурван сая төгрөг, хамт олноороо бол таван сая төгрөгийг хуваан хүртэх юм.
 
Эдгээр өвлөн уламжлагчид өөрийн эзэмшсэн мэдлэг, авьяас, ур чадвараа хойч үедээ заан сургаж өвлүүлж үлдээх үүрэг хүлээж жил тутам үр дүнгээ олон нийтэд тайлагнаж байх ажээ.
 

 

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Соёлын биет бус өвийг өвлөн эзэмшсэн хүнд “Улсын эрдэнэ” өргөмжлөл олгоно  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй