Шууд Chart

”Цахим парламент" төслийн нээлт болов

2014-09-30 08:28:35

УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн ”Цахим парламент" төсөл, УИХ-ын хуралдааны цахим системийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд болов.

Төслийн нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Цог, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.ЭрдэнэбатУИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв болон зарим хэлтсийн дарга нар, мөн Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын Суурин төлөөлөгч Чой Хын Ёл, КТНЕТ компанийн Ерөнхийлөгч Сео Кванг Хён болон албаны бусад хүмүүс оролцов.
 
Ирэх 2015 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо. УИХ-ын Тамгын газар, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны түүхийн хуудсыг нэмсэн бас нэгэн чухал арга хэмжээ бол БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар УИХ-ын Тамгын газарт хэрэгжсэн энэхүү цахим парламент төсөл юм гэдгийг УИХ-ын дэд дарга онцолж байлаа.
 
Төслийн хүрээнд  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад техник, технологийн орчин үеийн ололтыг тусгасан программ хангамж, дуу, дүрсний систем бүхий хуралдааны иж бүрэн цахим системийг шинээр суурилуулсан байна. Тухайлбал, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд ашиглах УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд бүрэн нийцсэн программ хангамж, техникийн өндөр үзүүлэлт бүхий тоон системийн нийт 16 ширхэг камер, чадлын өсгөгч бүхий 18 ширхэг чанга яригч, дэлхийн олон орны парламентад ашиглагддаг 230 ширхэг микрофонт гар, чуулганы хуралдааны таван танхимын дуу, дүрсний удирдлагын систем, чуулганы хуралдааны бие даасан сүлжээ, нөөцлөх төхөөрөмжүүд болон дагалдах техник хэрэгслүүдийг суурилуулжээ. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төдийгүй Байнгын, дэд, түр хороодын хуралдаанд цахим системийг ашиглах боломж бүрдэж байгаа гэдгийг УИХ-ын дэд дарга онцлоод төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган, УИХ-ын Тамгын газартай  хамтран ажилласан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яам, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын Суурин төлөөлөгчийн газар, КТНЕТ компанийн удирдлагуудад талархал илэрхийллээ.
 
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру үг төслийн нээлт дээр хэлсэн үгэндээ “Манай хоёр улсын хамтын ажиллагааг бататгасан бас нэгэн түүхэн үйл явдал өнөөдөр болж байна. Монгол Улсын парламентыг цахим системд шилжүүлэх ажил 2013 онд эхэлж, богино хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын парламент орчин үеийн техник, технологид суурилсан цахим системд шилжиж байгаа юм. Монгол Улсын парламент ард түмэндээ ил тод, нээлттэй, шуурхай байхад нь БНСУ цаашид ч дэмжин ажиллах болно.” гэлээ.
 
Төслийн нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Энэ төслийг хэрэгжүүлэх гэрээг бид 2012 онд үзэглэж байсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд буюу хугацаанаас нь нэг жилийн өмнө төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсын чуулганы хуралдааны дэг хуулийн дагуу хэрэгжинэ. Түүнчлэн Байнгын хороодын хуралдааны үйл ажиллагаа чанаржихаас гадна парламентын сэтгүүл зүйд ахиц авчирсан өөрчлөлт хийгдлээ гэж үзэж байна” гэсэн юм.
 
Төслийн нээлтийн арга хэмжээний дараа зочид, төлөөлөгчид Төрийн ордны зүүн жигүүрт байрлах парламентын сэтгүүлчдийн өрөө, техникийн удирдлагын төвтэй танилцсан юм. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар парламентын сэтгүүлчдийн өрөөг чуулганы хуралдааны бүх танхимын дуу, дүрсний сигналыг нэг цэгээс өндөр чанартайгаар хүлээн авч бичлэг хийх боломжтой тоног төхөөрөмжөөр тоноглож шинэчлэн тохижуулснаар хууль тогтоох үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэд сонгогчид, олон нийтэд шуурхай түгээх боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

”Цахим парламент" төслийн нээлт болов  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй