![](/uploads/201409/news/thumb/4e843dec0d1dc5b3e01c9ae323b3fcd5_x3.jpg)
Манай улсын автомашины зах зээлд хүч үзэх шинэ брэндийн нээлт өчигдөр “Мөнххада” компанийн байранд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд 31 дэх түрүүгээ хүртээд буй мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтын эзэн, зүүний аварга Хакухо М.Даваажаргал оролцсон юм. Зочдын дунд Монгол, Японы бизнесийн төлөөлөл, Японы “Иточу”, “Тоёото” зэрэг корпорациудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Дархан аварга Ж.Мөнхбат, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү нар гэргийн хамт зочдын хойморт тухалсан байв. Хакухогийн монгол найз нөхдийн төлөөлөл болох урлаг, спорт, улс төрийн зарим алдартнууд хүрэлцэн иржээ. Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, кёкүшюзан Д.Батбаяр, хийлч Ч.Дэлгэрцэцэг, УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтнүүд “Мөнххада”-гийн нээлтийн хүндэт зочид байлаа. Хурсан олон мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакухо М.Даваажаргалд хүндэтгэл үзүүлж, “Энэ удаагийн аки башёгийн түрүү бол жирийн нэг түрүү биш” хэмээн ярилцацгааж байсан юм.
Мэргэжлийн сумогийн энэ цагийн хүчтэн, зүүний их аварга Д.Даваажаргалыг Японы Тайхо их аваргын амжилттай зэрэгцэх, цаашид амжилтыг нь эвдэх их найдвар, хүлээлт сумо сонирхогчдын дунд үлдээд байгаа. “Мөнххада”-гийн нээлтийн үеэр аваргатай уулзахад тэрээр “Монголчуудын маань хувьд 32 удаа түрүүлсэн Тайхогийн амжилтыг давтаасай гэсэн хүсэлтэй байгаа. Ямар барилдаан болохыг хэлж мэдэхгүй байна. Ёстой л тэр өдрийн тэнгэр мэднэ. Гэхдээ сайхан барилдаж амжилтаа ахиулна гэсэн бие бялдрын болон, сэтгэл зүйн бэлтгэлтэй байна” гэсэн юм. Харин Японы их аварга Чиёнофүжигийн амжилттай зэрэгцсэн тухай сэтгэгдлийг нь сонсоход “Би багадаа жижигхэн биетэй байсан. Домогт аварга Чиёнофүжи ч мөн адил жижигхэн биетэй шүү дээ. Тэгээд ч тэр үү домогт аваргын барилдаануудын бичлэгийг их үздэг байлаа. Сумод “Бэлтгэл дасгал хийлгэж байсан ах нарыгаа давж байж ачийг нь хариулдаг” гэдэг үг бий. Энд тэнд явахдаа аваргатай таарч ганц хоёр удаа ч болов сургаалыг нь сонсож байлаа. Одоо эн зэрэгцсэнээрээ ачийг нь хариулж байна гэж бодож байна” гэв.
Хакухо аварга аав, ээжийгээ танхимд хөтлөн оруулж ирсэн нь зочдын уухай, алга ташилтаар мялаагдсан. Ж.Мөнхбат аварга хүүгээ үнсэж байгаа нь хурсан зочдын сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо. Энэ үеэр бид Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр “Би хүүдээ олон үг хэлдэггүй хүн. Ганцхан юмыг захидаг. Монгол, Япон хоёр ард түмнийхээ итгэлийг хүлээж, эв аргаа зангидаж яваарай гэдэг юм” хэмээсэн. Урлагийн тоглолт, Японы уламжлалт зан заншлын ундааны зүйл, зууш, амьд хөгжмийн аялгуу, хуурын эгшгээр зочдоо дайлах “Мөнххада” компанийн шинэ брэндийн нээлт нэгэн ёсны аваргын мялаалга байсан гэж хэлж болохоор байлаа.
“Мөнххада”-гийн тухайд Хакухо М.Даваажаргал “Би нэг япон найзаа манай улсад аялахыг урьсан юм. Тэр найз маань Японы автомашины салбарын хүн л дээ. Тэрээр манай улсад айлчлаад их өндөр сэтгэгдэлтэй буцсан. Найз маань Монголд Япон автомашин олон байгааг ажиглаад энэ салбарт ажиллах шалтгаан бүрдсэн” гэж ярив.
“Мөнххада” гэх нэр хүмүүсийн анхаарлыг татаж буй. Тэгвэл энэ нэрийн “Мөнх” гэдэг нь аавынх нь нэрний эхэн, -“Ха” гэдэг нь Хакухо, “-Да” гэсэн нь Даваажаргал гэх утгатай аж. “Мөнххада” компани өнгөрөгч онд Японы “Иточу” компаниас “Тоёото” корпорацийн машиныг эх орондоо борлуулах албан ёсны эрхийг авчээ. Тус компанийн ерөнхий захирлаар одоо М.Батцэрэн хэмээх эмэгтэй ажиллаж байна. Тэд энэ удаад автомашины нано технологийн өнгөлгөө хийдэг “Ceramic pro”, дотоод салоны “Clazzio” зэрэг технологийн албан ёсны борлуулагч болж чаджээ.
Уншигч та бүхэн шинэ брэнд “өлгийдсөн”, Хакухо аваргадаа хүндэтгэл үзүүлсэн сайхан үдшийн фото сурвалжлагыг сонирхоно уу.
“Мөнххада”-гийн нээлтээр эхлээд аваргын түрүүг тэмдэглэсэн үдэш | ||
Үзсэн: 3385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.